Төгсөх ангийн
сурагчдын хувьд “Элсэлтийн Ерөнхий Шалгалт” ( ЭЕШ ) нь толгойны өвчин болдог. Энэ
нь ч аргагүй. 10 гаруй жил сурсныхаа үр дүнг нэг шалгалтаар шалгуулна гэдэг том
хариуцлага нь мэдээж. Монгол улсад нэг жилд ойролцоогоор 40 орчим мянган хүн (ЕБС-ийн
сурагч, коллежийн төгсөгч, гадаад сурч байгаад ирсэн хүн, өмнөх оны төгсөгч гэх
мэт) ЭЕШ өгдөг.
ЭЕШ-ыг дагасан
сайн, муу мэдээ жил бүрийн 2 сараас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон
цахим сүлжээгээр цацагддаг. Гэхдээ муу нь олонтаа. Сүүлийн жишээ бол 2016 он.
Сурагчдыг хуурч мэхлэн шалгалтын сэдэв хэмээн олон арав магадгүй олон зуун
хүүхдүүдэд хэдэн мянга, хэдэн сая төгрөгөөр зарсан нь нотлогдсон. Гэхдээ энэ
материал нь ЭЕШ-ын материалаас өөр байсан хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс (
БҮТ ) мэдээлэлсэн. Энэ яриа намжаагүй
байхад дугаар сургуулийн багш нэгэн бичлэгийг фейсбүүк хуудсаар цацан нийгмийг
нэг хэсэгтээ өөртөө төдийгүй БҮТ-д хандуулж чадсан. Үнэхээр ЭЕШ-ын материал
задарсан эсэх нь одоо ч хүн бүрт асуулт болон үлдсэн байдаг. Хэнд? Яаж? Хэрхэн?
Хариуцлага тооцсон бол. 10-н жилийн хүүхдүүд үнэхээр хохирсон уу? Гэхдээ энэ
яриа 2016 оны зуны турш яригдаад л мартагдах шив.
ЭЕШ-д
бүртгүүлэхийн тулд сурагчид хураамж төлдөг. 2016 оны хураамж нь 1 хичээлийн
5800₮ байсан ба нэмэлт батламжийн 700₮ ч бодогдсон. 1 сурагч ойролцоогоор 6
хичээл сонгодог гэж үзвэл 35500 төгрөг болж байна. Үүнийгээ өмнөх жилийн 37,000
сурагчид үржүүлвэл 1 тэрбум давсан мөнгө гарч байна. Энэ мөнгө юунд
зарцуулагддаг вэ? Улсаас цалинждаг БҮТ-ийн ажилчдад уу? Эсвэл материал хэвлэхэд
үү? 5800 төгрөгөөр 5,6 цаас хэвлэдэггүй л байлтай. Үүнд хэн яаж хяналт тавьж
байна?
ЭЕШ толгойны
өвчин төдийгүй ихэнх хүмүүсийн бизнес болсон. Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)
сурагчдаа байнгын л бэлддэг харагддаг. Гэхдээ сурагчид төлбөртэй сургалтын
төвийг хичээлийн хажуугаар сонгон суралцдаг. Энэ сургалтын төвүүдийн чанарт
анхаардаг байгууллага байхгүй хэдий ч сурагчид сонгон суралцсаар л байдаг.
Эдгээрийн төлбөр нь ч ЭЕШ дөхөх тусам тэнгэрт хаддаг. Сурагчдын хамгийн ихээр
сонирхдог хичээлүүд болох математик, монгол хэл, хими, нийгэм, физик зэрэг
хичээлүүдийн нэг тус бүрийн үнэ нь ихэвчлэн сарын 250,000₮-400,000₮ байна. (хүүхдүүдийг
ихээр өөртөө татдаг сургалтын төвийн дундаж) Эцэг, эхүүдийн ярианаас үзэхэд
ЭЕШ-ын өмнө хүүхдээ ийм сургалтын төвд заавал хамрагдуулах ёстой юм шиг л
үздэг. ЕБС-д сурагчид төдийгүй эцэг, эхүүд яагаад эргэлздэг вэ? Зарим багш нар
ч сурагчиддаа үүнийг зөвлөдөг нь үнэн. Энэ нь ЕБС-ийн сургалтын чанарт байна уу
эсвэл сурагчид үнэхээр өөрсдийн чадварт итгэдэггүй юу?
Жил бүрийн
ЭЕШ-ын маргаан, бүртгүүлэхэд зарцуулдаг мөнгө, сургалтын төвүүдийн чанар
төлбөрт анхаардаг хүн байна уу? Энэ их ЭЕШ-ыг тойрсон асуудал жил бүр гарсаар
байхад яагаад хэн ч авч хэлцдэггүй вэ? Зөвхөн ЭЕШ-ийг тойрсон олон асуудлын
хэдийг нь л сонгон үзвэл энэ. Энэ үнэхээр зарим хүмүүсийн бизнес болсон юм гэж
үү? 2017 оны ЭЕШ ямар асуудал гарах бол? Энэ бүгдийг бид хүлээх биш эртнээс л
ярих ёстой, засруулах ёстой асуудлын маань хэсэг юм.
Нийтлэлч: Алтанхуягийн Алтанбаяр

Comments
Post a Comment