Л.Өлзийтөгстэй танилцсан нь:
“Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл
Үзэхийн хязгаар номын онцлох ишлэлүүд
Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.
“Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл
Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтөгсийн нэрийг л таних надад сэдэл төрүүлсэн хүн бол миний найз охин Б.Ангирмаа юм. Үерхэж эхэлснээс хойш түүний хүслэн энэхүү номыг унших байсан юм. Сүүлийн хэвлэл нь магадгүй 2012 он буюу 6 жилийн өмнө хэвлэгдсэн байх. Үерхэж эхэлснээс хойш 4 сарын дараа түүний минь төрсөн өдөр болсон юм. Төрсөн өдрөөр нь авахыг хүссэн бэлэг бол мөн л энэ ном. Маш олон хүнээс асуусан ч бүгд надаас харамласан юм. Уншуулахыг зарим нь зөвшөөрсөн ч бүр өгөхийг, зарахыг хүсэхгүй байлаа. Аргаа барсан би Л.Өлзийтөгсийн фейсбүүк хаяг руу чат илгээсэн. Түүнээс хариу ирнэ гэж бодоогүй байтал хэдхэн цагийн дараа түүнээс хариу ирсэн юм. Энэ л чат л миний илүү их унших хүслийг минь төрүүллээ. Харин яг төрсөн өдрийнх нь өмнө 2 ч ном олдсон тул хоюуланг нь аваад нэгийг нь найз охиндоо, нөгөөг нь өөртөө авчихсан. Тэгээд л амралтынхаа зав зайгаараа уншиж, зүүдэлж л өнгөрөөсөн дөө. Сүүлийн нийтлэлийг цагаан сарын шинийн 2-нд уншиж дууслаа.
Үзэхийн хязгаар номын онцлох ишлэлүүд
- Би үхнэ, чи үхнэ. Цэцэг л үлдэнэ. Ай, дурсамж гэдэг бол Зүрх юм. Дурсамж гэдэг бол Тархи. Нүд бас Цус. Дурсамж бол Цаг Хугацаа. Тэр бол Зовлон. Гэрэл цацраах ялалт. Эргээд харахад дүв дүүрэн цэлэлзэн байдаг Өчигдөр. Бас Ирээдүй ... Надтай л хамт арилж үгүй болох дурсамжийн зузаан ч биш, нимгэн ч биш хуудсуудаа эргүүлж сууна.
- Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран тэнгэртээ харвахыг үзэх, цас түрэн яргуйн дэлбээ бултайхыг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ, гэнэт намар ирэхийн үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх бүхний хязгаар. Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст нь үхэж үзэх!
- Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал! Амьдрал төгс төгөлдөр. Үүний баталгаа нь үхэл!
- Бичиж чадаж байна гэдэг бол сэтгэж чадаж байна гэсэн үг. Бичиж чадах гэдэг нь итгүүлж чадах гэсэн үг.
- Хүмүүс бүгд л энэлж шаналдаг ч нэг л мэдэхэд өнөөх энэлмээр, шаналмаар юмандаа дасчихсан байдаг нь аймаар.
- Баян ч байг, ядуу ч байг өөрийн гэсэн эх оронтой, өөрийн гэсэн соёлтой байна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ?
- Хүн өөрийгөө авч үлдэх л хамгийн хэцүү. Энэ бол зарим хүнээс их хүч, харин заримаас нь тийм их хүч шаарддаггүй зүйл.
- Эдгүй байна гэдэг зовлон биш. Эдэд шүтсэн хүн болчихвол л тэр зовлон.
- Буддын сургаалын хамгийн чухаг эш нь нинж сэтгэл төдийгүй байгаагаа хуваалцах, энгийн даруу амьдрах, хамгийн чухал нь шунал хүслээ хязгаарлахад биднийг чиглүүлдэг билээ.
- Хязгааргүй юм бүхэнд сэтгэл татах шинж бий. Хязгааргүй юм бүхэнд би ямар дуртай гээч! Тэнгэр, тэнгис, говийн элс, од, үүл, толь бас үг. Хязгааргүй учраас нууцлаг. Хязгааргүй учраас аймшигтай. Хязгааргүй учраас аугаа.
- Мэдлэг гэдэг бол зөвхөн мэдээллийн цуглуулга биш ээ. Харвард төгссөн хүнийг л мэдлэгтэй гэхгүй. Мэдлэг гэдэг бол амьдралын аугаа их туршлага, энэ туршлагаар баяжсан төрөлх зөн совин, бараг айдас төрмөөр гэж хэлж болох тийм нарийн ажигч, гярхай зан, сэтгэлийн торгон чанар юм.
- Өлссөн хүн ходоодныхоо хэмжээг мэдэлгүй иддэг. Өлсгөлөн тархи "хязгаар" гэдэг үгийг санадаггүй.
- Хүмүүс яг л ургамал шиг өөр өөр үнэртэй байдаг. Эрэгтэй хүний үнэр, эмэгтэй хүний үнэр, нялх хүүхдийн үнэр, өвчтэй хүний үнэр, хотын хүний үнэр, хөдөөний хүний үнэр, эх хүний үнэр, сайн хүний үнэр, муу хүний үнэр, ариун хүний үнэр. Ялгаатай шүү.
- Ээ, энэ хорвоо дээр дурламаар, хайрламаар юм яасан их вэ! Ийм хорвоог бүтээсэн Бурхан таны тухай бодохдоо дуртай.
- Нэг нь таг сохор, мэргэн Нөгөө нь нүдтэй, гэвч тэнэг
- Харц бол зүрхний эрхтэн. Дурласан эр хүний нүд л эм хүнд хамгийн сайхан харагддаг.
- Сар ганцаардлын бэлгэ тэмдэг. Ганцаардал бол хүн гээч амьтны дотоод дахь дээгүүр мөн чанараас үүсдэг ухагдахуун.
- Харамсалтай нь, одоо Монголд шагналын төлөөх улайрсан тэмцэл буураагүй төдийгүй зөвхөн өөрт нь шагнал өгөөгүйгээс болж өчнөөн хүнийг үзэн ядаж, ийн зэвүүцэн арзганаж буй нь тэнэг хүнд ч ойлгогдохоор тийм дорд байдал үзүүлдэг,...
Нийтлэлч: А.Алтанбаяр
Comments
Post a Comment