Skip to main content

Миний блогоор зочилсон

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч: "Марк Мэнсон" 
Номын нэр: "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"

Өөрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээс номоо уншаад, давхар тэмдэглэл хөтлөхийг хичээлээ.  



Миний бодол: Энэ номыг уншиж байхдаа хамгийн их бодогдсон зүйл гэвэл "Бид яагаад өөдөө тэмүүлдэг юм бол" гэх бодол. Өөдөө байна гэдэг нь муу зүйл биш ч хүн бүрийн зорилго. Албан тушаал ахих, сайхан байртай болох, час улаан өнгийн машинтай болох, Арабын 7 одтой буудалд буудаллаж үзэхийг мөрөөддөггүй хүн ховор байх. Би ч мөрөөддөг. Гэхдээ сайхан амьдрахын төлөө заавал тэгж их хичээх хэрэгтэй юм байх даа. Номын нүүрэнд сайхан амьдралд хүрэх эсрэг зам гэж бичсэн байна. Тэр эсрэг зам нь тэгээд муухай амьдралд хүргэх болж байна уу? Би муухай амьдралд хүрэхийн тулд ном унших хэрэг үү?. Гэхдээ энэ ном дэлхийн бестселлэр шүү дээ. Арай ч муу зам луу хөтлөхгүй л байх.

За номын тэмдэглэлдээ оръё. 

1. Битгий хичээ- Don't try


          Яруу найрагч Буковскийн тухай өгүүлнэ. Бидний амьдрал үргэлж ямарваа нэгэн зүйлийг эергээр хардаг. Жил бүр илүү рүү тэмүүлдэг. Энэ нь маш олон зүйл рүү анхаарлаа хандуулж стресстүүлэхэд хүргэдэг. Жишээ нь: Би л гэхэд шалгалтууд эхлэхээс 7 хоногийн өмнөөс л өөртөө гомдоллож эхэлдэг. Бэлдэх бодол төрөхгүй хэрнээ л гомдоллоод байдаг. Бүр зүүдэлдэг. Ядаж нэг шалгалтдаа эрчимтэй бэлдсэн бол бүгдэн дээр нь унахгүй л байсан байх. Бид ямар зүйл нь чухал болон аль нь утга учиртай вэ гэдэгт анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй. Мөн өөрийнхөө сул талуудыг өөрөө хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Буковскийн хувьд ялагч болохын тулд бус ялагдагч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч энэ тухайгаа шударгаар бичсэн болохоор тэр амжилтанд хүрсэн юм. Тэр өөрөөсөө өөр хэн нэгэн байх гэж хэзээ ч оролдоогүй юм.  Хүмүүс амжилт гаргахгүй удахаараа, ажил нь бүтэлгүйтэхээрээ "Би яагаад..." хэмээн уурлаж уурны тойрог үүсгэдэг. Та өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийгөө ямар доор байгааг л мэдэрнэ. Миний үеийн залуус үргэлж зурагтаар гарж буй шилдэг энтерпрёнер залуу шиг, урт хөлөө гайхуулах мисс бүсгүйчүүдийг хараад "Би яачихсан хүн бэ?" гэж өөрийгөө голон бусадтай харьцуулдаг. Та мөн өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлж, таниулахыг оролддог. Та өөрийгөө хэн гэдгээ бусдад батлах шаардлагагүй шүү дээ. Хүмүүсийг олон зүйлд санаа зовоох нь бизнес эрхлэгчдэд ашигтай гэдгийг сана. Тураах бүтээгдэхүүн зарахын тулд таргалалтын талаар ярьж бараг л таныг маргааш үхэх мэтээр итгүүлнэ. Амжилттай яваа залуус өөрсөд шиг нь байхгүй бол ядуу амьдарна хэмээн итгүүлж өөрсдийн амжилтын илтгэлийг мөнгөөр зарцгаана. Бод л доо TedX, Momentum (нэг хүний 30-50 мянган төгрөгөөр сонсдог илтгэл) гээд арга хэмжээнүүдийг.  Хүн эерэг зүйлд татагдаж, сөрөг зүйлээс зугтаадаг. Сөрөг зүйлээ хүлээн зөвшөөрөх нь эерэг зүйл рүү тэмүүлэх, шийдвэр гаргахад тусалдаг. Амжилтанд хүрсэн бол тэр үеийн шаналлуудаа бодоод үз. Сөрөг зүйлс танд тусалсан. Та сонголтыг л өөрөө хийдэг 
Эерэг зүйл рүү тэмүүлэх нь өөрөө сөрөг зүйл юм. Эсрэгээрээ сөрөг зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө эерэг зүйл юм.
Бид анхаарах шаардлагагүй зүйлс дээр хэт их ач холбогдол өгч өөрсдийгөө зовлонд унагадаг. Тиймээс шаардлагагүй зүйлд хэт их ач холбогдол бүү өг. Заримдаа зүгээр л огт тоохгүй орхиход хамаг юм байрандаа орчихдог шүү дээ.  Ач холбогдол өгөхгүй байна гэдэг нь хэнэггүй гэсэн үг биш, харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. 


2. Аз жаргал бол асуудал- Happiness is problem 

            100% аз жаргалтай байна гэж байдаггүй. Зовлон шаналал бол тойрч болохгүй зүйл. Эд баялаг эцэстээ чухал биш гэдгийг хүн бүр мэддэг. Үүнтэй адил зорилгогүйгээр зовох нь ямар ч үнэ цэнэгүй. Амьдрал өөрөө зовлонгийн нэг хэлбэр учраас энэ байх л зүйл. Аз жаргалтай байхын тулд та ямар нэгэн асуудал шийдэх ёстой. Та юуг шийдвэрлэх вэ гэдгээ өөрөөсөө асуу, өөрөө шийд. Та ямар зүйлийн төлөө шаналмаар байна вэ? гэдгээ мөн өөрөөсөө асуугаад, шийд. Асуудал байгаа гэдгээ хүлээн зөвшөөр. Асуудлыг бид шийдсэнээр бидэнд аз жаргал ирдэг. Хамгийн гол нь <<шийдвэрлэх>>.  Хохирогчийн сэтгэлгээтэй байх нь аз жаргалыг үгүй болгодог. Харин эерэг сэтгэл хөдлөлүүд нь зөв үйлдэл хийсний шагнал болон ирдэг. Та юуны төлөө тэмцмээр байна вэ? Гэдгээ сонгоод, тэмц. Тэмцэл хүний амжилтыг тодорхойлдог. Жишээ нь: Бид "Богд" ууланд авирахдаа их ядардаг. Дугуй цагаан луу гарахын тулд бараг 2 цагийг ёоёолон байж, шаналан байж гардаг. Гэхдээ ууланд гараад буусны дараа өгсөх зам л танд чухал мөч болон үлдсэн байдаг. Тэр л бартаа, тэр л саадыг та даван туулсан шүү дээ. 
Баяр баясал нь авирахдаа байдаг.
3. Та онцгой биш -You are not special 

Өөрийгөө бусдаас илүү сайнаар төсөөлдөг бол илүү бага зүйлтэй тулгардаг. Өөрийгөө мундаг гэж бусдаар дүгнүүлэх нь өөртөө л сайхан мэдрэмж төрүүлэхээс өөр зүйлгүй. Би бусдаас онцгой байх ёстой гэж хүмүүс ямбалдаг. Бүтэлгүйтлээс холддог, эрсдэлээс зайлсхийж, алдаанаас зугтдаг. Хамгийн, хамгийныг л бид мэдээллээс авдаг. Шинэ ноормыг тэд л тогтоодог. Ихэнх хүмүүс дундаж байдаг гэдгийг санаарай. Түүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дундаж хүн зурагтаар гарч буй хүний хаана нь ч хүрэхгүй. Дунджаас яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Маргаашийн би өнөөдрөөс илүү байх хэрэгтэй гэдэгт л анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэснээр аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдөнө. 1-р бүлэгт хэлсэнчлэн 25-тай юу ч хийж амжаагүй атлаа өөрсдийгөө амьдралын зөвлөгч гэж нэрлэн, бусдад тусалж, зөвлөгөө өгөхийн тулд мөнгө авдаг хүмүүс монгол гэлтгүй, дэлхий дахинд зөндөө байна. Бид өөрийгөө хэчнээн сайнаар мэдэрдэг байлаа ч асуудалтайгаа нүүр тулж чадахгүй бол тэр сул дорой хүн юм. Оддын шоуны оролцогид, мундаг илтгэгчид үргэлж "Та бол онцгой" гэж хэлдэг. Тэгээд хэн нь онцгой биш юм бэ? Энгийн хүмүүс байж байж онцгой хүмүүс харагдах ёстой биз дээ.  

4. Зовлон шаналлын үнэ цэнэ. The value of suffering

Энэхүү бүлэгт гарах Оноагийн түүх надад маш таалагдлаа. Дайн дууссан ч түүнийг мэдээгүй Онода өөрийгөө баатар хэмээн итгэж, төсөөлдөг. Түүнд зовох нь утга учиртай байсан болохоор л тэвчиж байсан. Магадгүй бүр дуртай ч байсан юм бил үү.  Зовлон бол тойроод гарах боломжгүй зүйл. Юуны төлөө шаналж, зовох вэ? гэдгээ дахиад л бод. Өөрийгөө ойлгохын тулд өөрийгөө сонгино гэж төсөөл. 
  • Өөрийн сэтгэлийн хөдөлгөлийг ойлго
  • Яагаад энэ сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа вэ? Үүндээ итгэлтэй байна уу?
  • Хувь хүний үнэт зүйлээ тодорхойлох, ойлгох (ЮУГ? Амжилт, ялагдал, өөрийгөө дүгнэх, бусдыг хэрхэн дүгнэх вэ)
Бидний үнэт зүйл бидний өөрсдийгөө болон бусдыг хэмждэг хэмжүүрээр тодорхойлогддог. 
Муу үнэт зүйл: Таашаал, материаллаг амжилт, үргэлж зөв байх, эерэг байх...
Сайхан шоудах нь аз жаргалтай мэт санагдаад түүнийгээ үргэлжлүүлсээр байвал ирээдүйд тэр үнэ цэнэ чинь буруу болж таарна. Бидний тархи төгс биш. Байнга зөв шийдвэр гаргана гэж байхгүй. Бүх зүйлд эерэг бодолтой байх ч бас муу үнэт зүйлд багтана. Амьдралын үргэлж гэгээтэй талыг хараад байвал сөрөг зүйлдээ дасаж эхэлдэг. Тиймээс зүгээр л сөрөг зүйлсийг хүлээн зөвшөөрч түүнийг эерэг болгохын төлөө хичээх хэрэгтэй. Гунигтай, зовлонтой үеүдийг бодитоор харж сурах. Энэ нь асуудлаа шийдэхэд туслах болно. 
Сайн ба муу үнэт зүйлсийг тодохойлох:


Сайн үнэт зүйл
Муу үнэт зүйл
Бодит байдал дээр тулгуурласан
Мухар сүсэгт автсан
Нийгэмд үр өгөөжтэй
Нийгэмд сөрөг нөлөөтэй
Бидэнд ойр, удирдаж болохоор байдаг
Биднээс далд эсвэл удирдаж болохооргүй байдаг
Өөрийнх нь талаар юу гэж боддогоос айдаг хүн бол үнэндээ өөрийнхөө талаар боддог таагүй бодлууд нь биелэх вий гэхээс үргэлж айж байдаг.
 Бидний баримтлах үнэт зүйлсийг ийн бичжээ.
  • Хариуцлагатай байх
  • Тааварлашгүй байх
  • Бүтэлгүйтэл 
  • Үгүй гэж хэлж сурах
  1. Сонголт үргэлж таных. You always choosing 
Уиллиам Жэймс бол сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг бөгөөд түүний тухай өгүүлнэ.
Бидэнд олон зовлон, асуудлууд тулгарахад өөрийгөө зовоон шаналгах уу? эсвэл өөрийгөө хүчирхэгжүүлэх үү? гэдэг нь таны л сонголтын асуудал. Үүнээс үзвэл алдаа бол өнгөрсөн цагийн асуудал. Нэгэнт алдаа гаргасан бол та цаг хугацааг буцааж чадахгүй. Харин гаргасан алдааныхаа төлөө юу хийх хариуцлага нь одоо цаг дээрх асуудал. Хүмүүс "Агуу хүчтэй хамт агуу хариуцлага ирдэг" гэлцдэг. Гэхдээ үүнээс сайн хувилбар бол
Агуу хариуцлагатай хамт агуу эрх мэдэл ирдэг.
 Ямарваа нэгэн бүтэлгүйтэл, зовлон шаналал тулгарвал өөрөө өөртөө анхаарал тавьж, өөртөө аз жаргал авчирдаг зүйлсийг эрэмбэлэн хийгээд үзээрэй. Асуудал тулгарахад хүн өөрөө л арга хэмжээ авна. Хүн хаана, хэний хүүхэд болохоо сонгодоггүй. Үүнийг бид хөзрийн модтой зүйрлэвэл заримд нь сайн, заримд нь муу мод оноогддог. Түүнийгээ хэрхэн ашиглаж ялах нь хувь хүний л асуудал байдаг. Муу модоо хүлээн зөвшөөрч авах арга хэмжээгээ сайжруулах хэрэгтэй. Тэгснээр та ялах болно. 
  1. Та бүгдийг эндүү бодож байгаа. Би ч мөн адил- You are wrong about everything. But so am I
Буруу байх нь бидэнд өөрчлөх боломжийг өгдөг. Буруу байх нь бидэнд өсөх боломжийг олгодог.
Хувь хүний өсөлт хөгжил бол хязгааргүй байдаг. Ямар нэг зүйлийг тодорхой болгох нь таны дайсан болж байдаг. Өөртөө үргэлж эргэлзэж бай. Ямар ч холбоогүй зүйлсийг холбож бидний тархи зохиодог. Өөртөө итгэх итгэл бол тархины зохиосон үлгэр. Биний тархи бол утга учир олдог машин. (Математикч, эдийн засагч Жон Нейш л гэхэд жагсаасан олон тооноос ямар нэгэн утга гаргаад л ирдэг.)  Хүн өөртөө үргэлж итгэдэг. Шинэ санаа заналхийлэхэд хүн өөрөө зайлсхийдэг. Амьдарч буй нийгэмдээ зохицоод амар амгалан амьдрахыг хүн өөрөө хүсдэг. Нэмэлт зүйл орж ирэхэд хүн өөрөө дургүй байдаг. Өөрөө өөрийгөө мэдчихлээ гэж хэзээ ч битгий бод.  Бидний зүрх, тархи итгэж болохооргүй юм бол магадгүй хандлага, сэдэлдээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байх. Өөрийгөө олохын төлөө мэрийх юм бол шинэ байр суурийг тунгаан бодох чадвартай болно. 
Хорон санаатай хүмүүс хэзээ ч өөрсдийгөө хорон санаатай гэж итгэдэггүй харин тэд бусдыг хорон санаатай гэж үздэг.
Амьдралдаа тодорхой биш зүйлийг нэмэгдүүлэхэд чинь туслах гурван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. 
  • Хэрвээ миний буруу байвал яах вэ? 
  • Миний буруу байсан ч байж мэднэ гэж яг юу гэх гэсэн юм бэ?
  • Буруугаа хүлээн зөвшөөрөх нь надад өөрт минь болон өрөөл бусдад одоогийнхоос ч илүү асуудал үүсгэхгүй гэж үү? 
Өөрийгөө үргэлж сэжиглэж бай. Хэрвээ хорвоо ертөнц таны эсрэг байгаа мэт санагдаж байвал яг үнэндээ асуудлын гол эзэн нь та л байх магадлал өндөр юм. 
  1. Бүтэлгүйтэл бол урагшлах замнал. - Failure is the way Forward
           Бүтэлгүйтэл бол уналт эсвэл амжилт. Хүн бүр бүтэлгүйтэлд дургүй. Хүүхэд хөлд орохын тулд маш олон унаад алхаж сурдаг. Бүх хүүхэд маш их оролдлого хийж байж хөлд ордог. Хүүхэд залхаад больдоггүй. Хүүхдэд бүтэлгүйтлээс зугтаана гэсэн бодол байдаггүй. Тэгвэл бидэнд хэн "Хэрвээ бүтэлгүйтэх юм бол боль" гээд заагаад өгчихсөн юм бол оо. Эдгээр хүмүүс бол аав, ээж, багш нар. Үргэлж төгс байлгах гэж хичээлгэснээс болоод хүүхэд чадахгүй зүйлээ шууд хаячихдаг болдог. Аливаа зүйлийн дэвшил нь олон мянган жижиг бүтэлгүйтлээс үүсдэг бөгөөд таны хэр их амжилттай байх нь хэдэн удаа бүтэлгүйтсэн байна вэ гэдгээс хамаарна. 
Хэрвээ бүтэлгүйтэхийг хүсэхгүй байвал мөн амжилтанд хүрэхийг ч хүсэхгүй байна гэсэн үг.
 Дахин хэлье. Үнэт зүйлээ зөв тодорхойл.  
Зовсон хүмүүс сэтгэл зүйн тэвчээртэй, жоохон зүйлд л баярладаг. Утга учиртай аз жаргалтай байхад өөрийн туулсан зовлон нь өөр өнцгөөс харахад тусалдаг. Шаналал зовлонгүй зүйл гэж үгүй. Өвдөлт, шаналал бол үйл явцын л нэг хэсэг. Үүнийг мэдрэх нь чухал. Хамгийн хэцүү мөчүүд л бидний үзэл бодолд хамгийн чухал өөрчлөлтийг авчирдаг. Ямар нэгэн зүйл хийхэд ямар нэгэн эхний алхмыг хийх хэрэгтэй. Гомдоллохоо болиод зүгээр л хий. Хариулт нь дагаад гарч ирнэ. 
Ямар нэгэн зүйл хий. Жижигхэн алхам ч байсан болно. 

8. Үгүй гэж хэлэхийн ач холбогдол.- The importance of saying NO

Эрх чөлөө маш олон боломжийг олгодог ч дангаараа бол ямар ч үнэ цэнэгүй. Чухал зүйлийн төлөө тэмүүлж байгаа бол олон зүйлээс татгалзах хэрэгтэй болдог. Ямар нэгэн зүйлийн жинхэнэ амтыг мэрэхийн тулд та өөрийгөө түүн дотор байх хэрэгтэй. Үндсэндээ нэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Та бүх зүйл "тийм" гэдэг бол таны өөрийн үнэ цэнэ үзэл бодол хаана яваа нь тодорхойгүй байна гэсэн үг. Маш олон сонголтонд үгүй гэж хэлэх зоригтой бай. Нэг зүйлд төвлөрснөөр тэрхүү зүйлд илүү хурц өнцгөөр харна. Бид гол зүйлдээ ач холбогдол өгөх ёстой.  
Энэхүү хэсэгт хамгийн таалагдсан хэсэг бол "Хайрын хил хязгаар"-ын тухай. Хайрын зохистой болон зохисгүй хэлбэрүүд гэж бий. Зохисгүй эсвэл аюултай хайр байгаа газар хоёр тал хоёулаа хүчтэйгээр ухамсарлахгүй, таталзлыг хүлээн авах мөн таталзах чадвартай байдаггүй. Зохистой хайраар дүүрэн харилцаатай байгаа газар хоёр тал болон тэдний үнэт зүйлсийн хооронд тодорхой хил хязгаар байх ба шаардлагатай тохиолдолд таталзлыг хүлээн авах мөн таталзах эрх чөлөө бий. Найз охин эсвэл залуугийнхаа хил хязгаарт халдаж болохгүй. Жишээлбэл: хэнтэй уулзахыг нь хянах, утсыг нь шалгах, гэр бүлийнхээ асуудалд түүнийг хутгах, ажлын газрыг нь сонгох, хэн нэгэнтэй түүнийг холбох гэх мэт.
Итгэл яг л хятад таваг шиг.
Ямар ч харилцаанд зохистой, итгэлцэл дээр үндэслэсэн байх учиртай. Ямар тохиолдолд эдгээр хил хязгаарт нэвтэрч болох вэ? гэвэл нэг тал туслахыг (асуухыг) зөвшөөрч, нөгөө тал тань тусламж авахыг зөвшөөрч буй тохиолдолд шүү. Бат бөх хил хязгаартай хүмүүс огцом уурлах, маргах, гомдох зэргээс айдаггүй. Харин хил хязгааргүй хүмүүс орчиндоо зохицон бие биедээ худал хэлж итгэлцлээ үгүй хийх нь бий. Та хайртай л бол ямар нэгэн болзолгүйгээр хайрлах хэрэгтэй. Хосуудын хооронд зөрчилдөөн үүсэх нь эрүүл харилцаа оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Дахин хэлэхэд итгэл байхгүй бол тухайн харилцаанд утга учир байхгүй байна гэсэн үг. Ямар нэгэн асуудал гараад муудалцахад хосууд тэрхүү асуудалд бус бие биенээ хуурснаас, итгэлцээгүйгээс болж л муудалцсан байдаг.  

9. Үхэх нь гарцаагүй - And then you die

Энэ бүлэг психоанализаар докторын зэргээ хамгаалсан Эрнест Бекерийн судалгааны ажлын тухай өгүүлэх болно. Үхэл бүх хүнийг айлгадаг. Тиймээс л бид үхлийн талаар бодох, ярих, хэн нэгэн өөд болохо түүнийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг. Гэвч хүний бусад амьтдаас ялгагдах бас нэгэн зүйл бол өөрсдийнхөө талаар бодож, төсөөлөл бий болгож чаддагт байгаа юм. Энэ нь Беркерийн нэрлэснээр "Үхлийн айдас" гэх зүйлийг бий болгодог. Үхэл гарцаагүй буюу бидний бие маход оршихоо больсон ч бид дурсагдан, хүндлэгдэн, шүтэгдэх боломжтой. Жишээлбэл: урлагийн шинэ хэлбэрийг эзэмшиж, шинэ газрыг олж нээх, бусдад танигдах гэх мэтээр... Бидний үнэт зүйлийн нэг бол мөнх оршихуйн төсөл. Гэвч мөнх оршихуйн төсөл нь шийдэл биш асуудал юм. Өөрийгөө одооноос мөнх биш гэдгээ мэдрэх нь маш чухал. Заримдаа бид хөгийн, хэврэг, хуурамч үнэ цэнийн төлөө амьдраад байдаг шүү дээ. 
Таны жинхэнэ өв хөрөнгө юу вэ?
Бид зарим асуултуудыг өөрсдөөсөө асуухаасаа эмээдэг, бодохоосоо ч зайлсхийдэг. Учир нь асуултууд хэцүү, аймшигтай эцэст нь та юу хийгээд байгаагаа ч мэддэгүй.

Нийтлэлч: Алтанхуягийн Алтанбаяр

Comments

  1. сайн байна уу? энэ өдрийн мэнд. тантай яаж холбогдох вэ?
    таниас Д.Равжаагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм аа таны блогоос өөр газар дурдаагүй байна. та их мундаг юмаа баярлалаа хариу өгөөрэй

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Равжаагийн гүн ухаан гээд ном байгаа. уншаарай

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...