Данзанравжаа бол шарын
шашны гол төлөөлөгч, магадгүй Монголд гэгээрэлд хүрсэн ганц хүн байж болох юм.
Энэхүү ном нь ховор хэвлэгдсэн ч надад унших боломж олдсонд би баяртай байдаг.
Данзанравжаагийн төрж өссөн нутаг бол миний ижийн төрж өссөн нутаг буюу Дорноговь
аймаг юм. Би сүүлийн 3 жил энэ нутагт тогтмол очих болсон. Энэ нутагт ирсэн хүн
бүр Хан Баянзүрх уул буюу хүмүүсийн ярьж заншсанаар Хар уулд буян заяагаа
даатган мөргөж, хүслээ шивнэдэг бөгөөд энэ нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг
болон хөгжсөн юм. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод түүний хөшөө болон музей
байдаг. Жилийн өмнө бичсэн номын тэмдэглэлээ өөрийн блогт бичвэр болгон
үлдээлээ. Энэхүү бичвэрийг уншсаны дараа түүний үзлүүдийг тунгаан бодно гэдэгт
итгэлтэй байна
Зохиолч: Г.Лхагвасүрэн
1-р бүлэг: Ноён Хутагт Данзанравжаа
Данзанравжаа нь 1804 оны 1 сарын 8-нд одоогийн Дорноговь
аймгийн Өргөн сумын нутагт Ухаан бадрах гэх газар төрж, Түшээт хан аймгийн Говь
мэргэн вангийн хошуунд өссөн байдаг. Равжаагийн бүтэн нэрийг Лувсанданзанравжаа
гэдэг бөгөөд түүний эцгийг Дулдуйт (дөрвөд хүн) гэдэг. Түүний ээж нь төрөхийн
хүндрэлээр нас барсан. Тэр үед Ноён хутагтын 5-р дүрийг тодруулахыг хориглосон
байсан хэдий ч Равжааг Носваан Аграмбэ Цорж хэмээх эрдэмтэн ламын хойд дүр
хэмээн Ноён хутагтад өргөмжилсөн байдаг.
Равжаа нь багаасаа ядуу тарчиг амьдралын дунд өссөн
бөгөөд амьдралынхаа ихэнх үеийг Монгол орон даяар аялж, наргиа наадамд оролцож,
дуу шүлгээ зохиож явжээ. Равжаа нь хуурамч, зальхай, авилгагч зан авирыг жишин
үзэж, хурц ширүүнээр шүүмжилдэг бөгөөд чин шударга үнэнч шулууныг эрхэмлэдэг
байсан. Түүний үзэл санаа, шударга зан нь бусадтай нийцэхгүй, зөрчилдөж
байснаас бясалгал хийж эхэлжээ.
1810 онд буюу зургаан настайдаа “Хурмаст тэнгэр” хэмээх анхны
дуугаа зохиосон. Нийт 170 Монгол хэл дээрх, 180 Төвд хэл дээрх дуулалт сургаал
зохиол бичсэн байдаг. Тэрбээр Монгол, Төвд хэлүүдийг адилхан, чадамгай эзэмшсэн
бөгөөд шүлэгт мөрийн тоо, үеийг тохируулах, толгой сүүл холбох зүйрлэл
чимэгэлүүдийг өргөн хэрэглэдэг билиг танхай найрагч байжээ. Жишээлбэл “Өвгөн
шувуу”, “Үлэмжийн чанар”, “Наран ул хул” зэрэг дуунуудыг Монголчууд бид одоо ч
дуулсаар байна. Хамгийн алдартай дуулалт жүжиг нь “Саран хөхөөний намтар”
дуулалт жүжиг юм.
Гүн ухааны сэтгэлгээ, уран барилга, эмчлэхүйн ухаан
зэрэгт хувь нэмэр оруулсан Монголын соёл урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг
юм.
2-р бүлэг: Ахуй танин барихуйн үзэл санаа
Гүн ухааны үзэл нь ертөнцийн уг мөн чанарыг тухайлан
мэдрэх, хүртэхүйн ертөнцийн гадаад үзэгдэгч байдлын таних байсан. Амьдралын үйл
явц бүр дотооддоо эсрэг, тэсрэг байдлаас бүрдсэн байдгийг шүлэглэсэн байдаг.(бид
эсрэг тэсрэг зүйлсийг шүтэлцүүлэн үзэх хэрэгтэй гэсэн санаа) Мөн эсрэг, тэсрэг
зүйл нь нэг л зүйлийн төлөө байдаг гэсэн санааг гаргах бөгөөд бүх зүйл хоосон
чанартай хэмээн үзсэн.
Хүний бие махбод нь хумхийн тоосноос бүрддэг бөгөөд
түүний бодит болгож буй зүйл нь шороо, ус, хий, гал, огторгуй ажээ. Эдгээр нь
хүний мэдрэхүйн эрхтэнд нөлөөлдөг зүйлс юм.
Бүхний анхдагч эхлэл нь прамана буюу хоосон чанар. Юмс
үзэгдлийг дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй юм хэмээн таван зүйлийг авч үзсэн.
Тодорхой зүйл, хийсвэр зүйл хоёр нэгдэж байж дээд бодит байдлыг үүсгэдэг юм.
Д.Равжааг буддын гүн ухааны хоосон чанарыг баримтлагч
хэмээн үзэх бөгөөд мэдэх, мэдрэхийг эрхэмлэгч байсан хэмээн үзжээ. Хоосон
чанарын онол нь харьцангуй онолтой ижил (ойролцоо) юм.
3-р бүлэг: Нийгэм, улс төрийн үзэл
Данзанравжаа нь шинэтгэгч үзлийн төлөөлөгч юм. Бас Агваанхайдав
ч гэж үздэг.
Үзэл санаа: Шарын шашны сүм хийд, лам хуваргууд ихэсч олшрон
хавтгайрч, дэг жаяг нь өдрөөс өдөрт сулран туйлширч байна зэрэг хэд хэдэн хүчин
зүйлээр тайлбарласан байдаг. Энэ санаа нь хүмүүсийн нэг хэсэг нь нөгөөгийнхөө
толгойг эргүүлж байна гэсэн үзэл юм.
Мөн сахил санваар хүртсэн хүртсэн лам нар сахил санваар
хүртээгүй энгийн иргэдээс ч илүү дорд хувцаслаж, үг яриа муу болж байна хэмээн
шүүмжилсэн байдаг. Мөн түүний хамгийн чухал үзэл нь Монголын бурхны шашин
Манжийн төрийн бодлоготой шууд холбоотой гэдэгт санал нэгддэг байсан.
Түүний бүтээлүүд нь оршин буй нийгмээ шүүмжилсэн байдаг.
Жишээлбэл сүм хийдийн сулрал, задгайрлыг товойлгон харуулан. Мөн нийгмийн авах,
идэхийн суртал өдрөөс өдөрт ихэсч байгааг дурдаж байжээ.
Хүний
дотоод чавдавхийг хөгжүүлж, бурханлаг чанарт нь хүргэх, хүн бүрийн дотоодод
агуулагдан, бурханлаг чанарыг нь сэргээж төлжүүлэхийг эрхэмлэж, хэм хэмжээг нь
гол зүйлээ болгосон хүн бол Равжаа юм.
Нийтлэлч: А. Алтанбаяр
Нийтлэлч: А. Алтанбаяр
Comments
Post a Comment