Skip to main content

Миний блогоор зочилсон

52,013

Боломж бололцоондоо тулгуурлалгүй мөрөөдөөрэй


Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн
эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч,
Олон улсын эрх зүйч Э. Цолмон
    Сайн байцгаана уу? Уншигч та бүхэндээ “Нийтлэлч залуусын клуб” болон нийтлэлч А. Алтанбаяр миний бие анхны ярилцлагаа хүргэж байна.
    Хүүхэд гэж ариун нандин аз жаргал юм. Хүүхдийн эрхийн төлөө ажилладаг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч, олон улсын эрх зүйч Э. Цолмон эгчтэй ярилцсан билээ. Тэрээр хүүхдийн байгууллагад  12 дах жилдээ ажиллаж байгаа юм. Түүнтэй бага насных нь дурсамж, сурагч ахуй насных нь түүх, өсвөр насныхны тухай болон үе тэнгийн хүчирхийлэл, залуусын хөгжлийн талаар  юу гэж боддог тухай нь ярилцлаа.



- Таны хүүхэд ахуй үеэс ярилцлагаа эхлье. Та багадаа ямар хүүхэд байв ?
Амьдралын аз жаргал, урагш тэмүүлэх хүч бол тухайн хүний сайн сайхан дурсамж бүхий өнгөрснөөс эхтэй гэж боддог. Миний хүүхэд нас хоёр дүүгийн эгч, нэвтэрхий толь бичгийн хорхойтон, онц сурлагатай, жүдо бөх сонирхогч, шүлэг өгүүлэл эхлэн бичигчийн бага нас байлаа. Сэтгүүлзүйтэй бас холбогдсон, тухайн үеийн "Пионерийн үнэн" гэдэг сонинд өсвөрийн сурвалжлагчаар ажилладаг байсан. Монголын радиогийн "Өглөөний мэнд" нэвтрүүлэгт Өсвөрийн яруу найрагч зочноор нэг удаа, Онц сурлагатан зочноор нэг удаа оролцож байлаа. Тухайн үед өөрийгөө илэрхийлэх орчин байдаггүй хаалттай нийгэм байсан шүү дээ. Тэр үед хэвлэл мэдээллийн салбарт ажиллах их гоё юм байна гэж боддог байсан, тэгээд бас хүүхдийг сонсдог индэр байсанд нь баярлаж байсан. Хүүхдэд нээлттэй, өөрийгөө илэрхийлдэг, хүүхдээс юу хүсэж буйг нь асуудаг “газар” нь Монголын Радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлэг байсныг дурсахад хөөрхөн байна. Тухайн цаг үе бол чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх хувь хүний эрх, эрх чөлөөг дэмжих бус улс төр, үзэл суртлын хүлээстэй, улс төрийн нэг намын үзэл суртлын дагуу хүн бүр, хүүхэд бүр зөвхөн үүрэг биелүүлэгчид байсан үе л дээ. Хоёр нийгмийн шилжилтийн үеийн хүүхэд нас байлаа даа. Нийгэм, улс төрийн амьдралд өрнөж байсан өөрчлөлтүүдийн гэрч болсон хүүхэд нас гэж хэлж болно.
- Пионерийн үнэн сонинг хэр олон хүн уншдаг байсан бэ?
Тухайн үед хүүхдийн саналыг сонсохгүйгээр “Пионерийн үнэн” сонинг хүүхэд бүрээр захиалуулдаг байсан. Бусад хүүхдүүдэд үлгэр жишээ болох хүүхдийг алдаршуулах мэдээлэл заавал тавигддаг байсан, бодлогын чанартай байсан шиг байгаа юм. Тэрийг бол томчууд хөтөлдөг. Хүүхдүүд улс төрөөс ангид ажилладаг байсан болохоор чөлөөт цаг, сонин хачин мэдээ, урлаг, утга зохиолын булангууд хөтөлнө. Биднийг хүүхэд байхад яруу найраг бичдэг, эсээ, найруулал, өгүүллэг бичдэг хүүхдүүд олон байсан.
- Таны хүүхэд насны үе болох 1980-1990-ээд онд ямар хувцаслалт моодонд орж хүүхдүүд нэг нэгнээ хэр дагаж дууриадаг байсан бэ?
Онц сурдаг, цэвэрхэн хүүхдийг ч юм уу Хүүхдийн ордны Драмын дугуйлангийн хүүхдүүдийг хүүхдүүд  даган дуурайх нь элбэг байсан. Хувцаслалтын хувьд бол хувийн хэвшлийн дэлгүүр, зах зээлийн өрсөлдөөн, олон хувилбар сонголт гэж байсангүй. Тийм учраас нийтээр нэг адил шахуу хувцасладаг байсан. Гэхдээ байгаа зүйлээ яаж боловсронгуй болгох талаар сэтгэлгээ сайтай,бүтээлч байсан санагддаг. Охидууд дүрэмт хувцасаа задлаад илүү загварлаг болгож өөрсдөө өөрчилж оёод өмсчихдөг байсан жишээтэй л дээ. Хүүхдийн тоглоом бас элбэг биш байсан болохоор хүүхдүүд байгаа боломжиндоо баригдалгүй сэтгээд төсөөллөөрөө хөрвүүлээд тоглодог байсан даа. 
- Та сурагч байхдаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
Хүмүүжлийн доголдол бол байсангүй. Айлын том хүүхэд, за тэгээд ангидаа сонгуульт ажилтай байсан болохоор жаахнаасаа хариуцлагын мэдрэмжтэй байсан байх. Сахилгагүй гэдэг нь үг зөрдөг, том хүний үг тоодоггүй, шаардлагыг эсэргүүцсэн  хүүхдийг хэлдэг байлаа. Заримдаа сэтгэх чадвар өндөртэй, туршиж мэдэх сонирхолтой сониуч хүүхдүүдийг бас сахилгагүй гэдэг байсан санагддаг. Би хүүхэд болсон хойно “сахилгагүй” байлгүй яахав, гүйнэ, харайна, ноцолдоно. Одоо бол ийм үйлдлийг бие махбодын хөдөлгөөний хэрэгцээ, хүүхдийн бусадтай харилцах нийгэмших хөгжлийн үйл явц гэж үзнэ шүү дээ. 
- Хүүхдүүд бие биенээ шоглодог асуудлууд хэр их байсан бэ?
Шоглоно гэдэг чинь хүүхдийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн үг л дээ. Хүүхдүүд цагаахан шоолно л доо бие биенээ. Харин шоглодоггүй байсан шүү, ялгаварлан гадуурхалт гэж байгаагүй юм. Багш нар  анги нийтэд болон, охид хөвгүүдэд тусгайлан хүмүүжлийн яриа хийдэг байсан, бие биенээ хайрлах үзлийг миний үеийнхэнд тэгэж сургаж байсан даа. Охидын уулзалтнаас эмэгтэй хүн учраас намбатай байх ёстой юм байна, олны дунд чанга инээж, чанга хашгиралдаж явах зохисгүй, ээж болох учраас эрүүл байх ёстой юм байна ч гэдэг ч юмуу олон ойлголтыг авдаг байлаа. Хөвгүүдэд бол төлөв түвшин байх, ээжтэй чинь адилхан хүн учраас охидыг хүндэлж байхыг хэлдэг, сайн эр хүн бол хүч хэрэглэдэггүй, хүчээ бусдад туслахад гаргах хэрэгтэй гэдэг ч юм уу зөвлөдөг байсан байгаа юм.
  -Танай ангид фракц гэж байсан уу?
Нөхөрлөл гэдэг бол үзэл бодол, гэр ойр, сонирхлоороо нэгдэхийг хэлдэг байсан. Гэр хорооллынх, байрных, шилжиж  ирэгсэд гэх мэт олон янзын  хүүхдүүд байсан ч фракц болоод нэг нэгнээ гоочилж байсангүй. Хүнийг хүнээр нь хайрлах хэрэгтэй.
- Ерөнхий боловсролын сургуулиудын 7-9-р ангийн сурагчид үе тэнгийн хүчирхийлэлд их өртөж байна. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?
Үе тэнгийнхний дундах дарамт хүчирхийллийг байхгүй болгоё гэвэл эхлээд хүүхдүүдийн насны онцлогийг сайн харах хэрэгтэй л дээ. Ирээдүйн зорилгоо тодорхойлох гэж оролддог, өөрийн үнэлэмжийн хүрээллийг бий болгох гэж оролддог. Өөрийн гэсэн онцлог амьдралын туршлагаа бий болгодог үе л дээ.  Энэ үед нь хамгийн нэгдүгээрт зорилгоо тодорхой болгоход нь туслах хэрэгтэй. Амьдрал баялаг гэдэг зүйлийг хүүхдэд хэлж өгөх ёстойн дээр амьдрал асар богино гэдгийг хэлж өгөх ёстой.  Юу чухал, юу чухал биш вэ гэдгээ мэддэг байхад нь туслах. Хүмүүжлийн арга ямар аргыг хэрэглэх вэ? Энэ насныханд зориулагдаж байгаа хэвлэл мэдээллийн мэдээлэл ямар байх вэ?  гэдгийг бид анхаарах хэрэгтэй. Хүүхдийн орчинд насанд хүрсэн хүмүүс  хүч хэрэглэх явдлыг ямарваа байдлаар зөвтгөх байдал гаргах, тухайлбал өөр хэн нэгний тухай муу хэлж ярилцах, эсвэл хэн нэгний сул талыг онцгойлон ярих, доош хийж ярих, ялгаварлан гадуурхах байдал гаргах, бусдад хүндэтгэлгүй хандах, бусдыг үгүйсгэх байдал гаргаад байх нь ерөөсөө энэ бусдыг дарамтлах үйлдэлд хүргэж байгаа гол шалтгаан гэж би боддог. Хүүхдийг үл ойшоох байдалд би их санаа зовдог. Зарим хүмүүс тухайн хүүхэдтэй ярилцаж ч үзээгүй байж тэр хүүхдийг боломж бололцоо чадвар, хөгжлийг өөрийнхөөрөө өнгөц дүгнэдэг алдаа гаргаад байна. Хүүхдийг хүн гэж хүндлэн сонсох, хүлээн авах хэрэгтэй байна. Мэдээж олон жилийн амьдралын туршлага дутмаг байх нь аргагүй, тэр тэдний буруу биш, хөгжиж буй явцад нь дэмжих хэрэгтэй байгаа юм.  Хүмүүс бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцах хүмүүжил нас насны хүмүүст үгүйлэгдэж байна л даа.
-       Та “Би” гэх үнэлэмжийг юу гэж ойлгодог вэ?
Ажиглахад, нэг талаас өөрийг нь үнэлэхгүй, сонсохгүй, хүндэлж харьцахгүй байгаа орчинд хүн өөрийгөө “харагдуулчих юмсан”, “тодруулчих юмсан” гэсэн бодол төрдөг байж болох юм. Нөгөө талаас өөрийн бодит боломж, чадвар өндөр, өөрөө бүгдийг хийчихдэг хүнд “Би” гэх үнэлэмж их өндөр харагдаад байдаг, өөрөөр хэлбэл хэний ч оролцоогүйгээр амжилт гаргачихдаг хүн байдаг. Багт бол бусдад боломж олгохгүй, бусдын саналыг сонсохгүй, сонссон ч ойшоохгүй “ Би” тоглолттой хүн бас харагддаг. Амьдрал бол зохицол учраас урт замд “Би” тоглогчоос “Бид” хандлага руу шилжих зайлшгүй шаардлагыг олж хардаг байх гэж бодож байна.

- Дүүрэг хооронд хүүхдүүд их шилждэг гэсэн судалгаа байдаг. Түүний шалтгаан нь үе тэнгийн дээрэлхэлт гэж гарсан байсан. Та энэ талаар юу гэж бодож байна?
Манлайлал гэдэг зүйлийг бид зөв ойлгох хэрэгтэй. Манлайлах чадвар хүүхэд болгонд байдаг. Тэгэхдээ манлайллаа сөргөөр харуулж байгаа хүүхдүүд бас байдаг. Яагаад тэр хүүхэд сургуулиас шилжээд байгаа гэдэг нь нэг хүүхдээс болоогүй нилээд хэдэн хүүхдээс болж байдаг. Тэр хүүхдийн бүлгийг хэн бүрдүүлээд байна вэ гэхээр тэдний хувьд нэг манлайлагч хүүхэд байгаад байдаг. Тэр хүүхдийг манлайллыг зөв тал руу нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ нь сургуулт дээрх нийт хүүхдийн хандлагад сайн нөлөөтэй байж магадгүй юм.

- Залуусын хөгжлийг та юу гэж тодорхойлох вэ?
Миний бодлоор бол техник технологи мэдээллийн урсгалын дунд өөрөө л боловсруулж чадвал сурч мэдэх зүйл, аргачлалтайгаа хангалттай байгаад байдаг. Хүний хөгжлийг мэдлэг бүтээх ба нийгэмших талаас нь авч үзье л дээ. Мэдлэгийг системтэй бүтээх нь хүний хөгжил гэж би боддог. Нийгэмших хөгжил нь болохоор ерөнхийдөө тухайн хүний нийгэмд хүн өөрийгөө хэрхэн авч явах вэ гэдэг л зүйл юм шүү дээ.  Жишээ нь: 1 цагт хэдий хэмжээний бүтээмж гаргаж байна вэ гэдгээр хоёр хүний хөгжлийг багцаалан харьцуулж хардаг. Нэг хүний 7 хоногт хийх ажлыг нөгөө хүн нэг сар хийдэг. Үнэхээр мэдлэгээ системтэй хөгжүүлж чадсан хүн бол түүнийг 7 хоногт хийж чаддаг байх жишээтэй.  Хөгжил гэдгийг хүмүүс ингэж хараасай.
- Өсвөр үеийнхэнд хандаад та юу гэж зөвлөх вэ?
Яг одоогийн боломж бололцоондоо тулгуурлаж мөрөөдөлгүй, мөрөөдөлдөө хязгаар битгий тавь гэж гэж хүүхдүүддээ хэлье. Амьдралыг мэдэр, цагаа хайрла, аз жаргалтай баялаг өдөр хоногуудын төлөө өөрийгөө бүтээ. Чи хэн нэгний өмнөөс амьдраагүй. Тусламжинд бүү найд гэж хэлье. Хүний амьдралыг нийтэд нь авч үзвэл жилд ердөө 365 хоног байдаг. Ихэвчлэн хүмүүс 100 насалдаггүй, дунджаар 80 насална гэж бодьё. Бид ойролцоогоор 24 мянган хоног л амьдарч байна. Та нар бодоод үз. Би 24 мянган хоног амьдраад л дуусчих юм уу гэж гайхдаг. Гэтэл хүний амьдралын бодит нөхцөл байдал энэ.  Маш богино хугацаа. Яаж үүнийг үр ашигтай, бүтээмжтэй, хүссэнээрээ зөв ашиглах вэ? Ингээд бодоход бие биенийгээ дээрэлхээд байгаа чинь ямар ч ач холбогдолгүй.  Энэ богино хугацаанд би юу хийх вэ гэж бодоод үз. Шаардагдах хоногуудыг тавиад үз. Хүрэлцэхгүй харагдаж байгаа биз? Энд тэнд очиж маргалдах, хүнтэй муудалцахад зориулж буй зүрх сэтгэл үнэндээ хайран. Амьдрал яг хэдийдээ баялаг болох вэ гэхээр зорилго тодорхой болгоод, хүссэнээрээ амьдрах тэр зүйлээ бүтээж чадах юм бол амьдрал баялаг болно. Амьдрал асар богинохон шүү дээ. Бүр цаашилбал, сансар галактик эрхсийн дэргэд бол хүний амьдрал өчүүхэн жижиг зүйл шүү дээ.


Ярилцлагын бэлтгэсэн: "Нийтлэлч залуусын клуб"-ын гишүүн А. Алтанбаяр


Comments

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...