Би хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн. Би ойр орчны гэрлийг мэдэрдэггүй сохор, бусдын талархал, шүүмжлэлийг сонсож чаддаггүй дүлий, хүссэн газраараа аялж хүрэх ёстой оргилдоо тэргэнцэртэйгээ уруудах бус удаанаар өөд мацах залуу хүн.
Тийм ээ би хөгжлийн
бэрхшээлтэй залуу хүн.
Би уул уулсын хооронд
салхинд халхавчтай өвсөөр бүрхэгдсэн гүн хөндийнүүдийн өвс нь өдгөө Монголын
бүх малаас хэдэн арван хувь малуудыг тэжээж гүйцэх, гол горхи рашаанууд нь
үлэмж ихээр хүн малыг ундаалж чадахуйц тийм л баян нутагт амьдрах би Монгол
хүн.
Надад том зорилго бий,
бас мөрөөдөл бий. Амьдралын анхны илтгэлээ энэхүү индэр дээрээс манлайллын бус
өөрийн түүхийг ярьж амьдралын алхам бүр боломж байгааг хэлэх гэсэн юм.
Би ирээдүйд хайр аа гэж
дуудах ханьтай, аав аа гэж дуудах хүүтэй, бас охинтой болно. Монгол улсын
иргэн, хөгжлийн бэрхшээлтэй Алтанхуягийн Алтанбаяр миний бие өөрөө аав болох
бэлтгэлээ таван жилийн өмнөөс л бэлтгэсэн гэхэд болно. Энэ бол бусдын төлөөх
хайр юм. 13-хан настайдаа “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ” гэж ваатум цаасан
дээр бичээд эрх чөлөөний талбай болох фантом дээр орилон жагссанаар миний бие
намайг ярьдгийг минь, бас хөдөлдгийг минь сануулсан юм. Монгол улсын 3 хүн
тутмын 1 нь хүүхэд байна[1]. Би
тэдний манлайлагч нь баймаар байна.
Би алдартай болохыг
хүссэнгүй. Би нийгмээ шүүмжлэхийг хүслээ. 14 настайдаа “Залуусын үнэлэмж” нэрт
нийтлэлийг 400 орчим залуусаас анх удаа судалгаа аван, нийтлэлээ бичихийн тулд
хэдэн сар зарцуулан өөрийн блогт орууллаа. Миний нийтлэлийг миний
зөвшөөрөлгүйгээр өөрсдийн цахим хаягт өөрсдөө бичсэн мэт тавих сэтгүүлчид
намайг хүчирхийлсэн юм. Хүчирхийллийн золиос болсон миний бие бүхэл бүтэн 2 жил
нийтлэл бичсэнгүй. Үүний дараагаар би хүмүүсийн дооглодгоор дүлий болсон юм.
Морь унаач хүүхдийн асуудлыг дэлгэн тавихад уяачдаас ална хэмээн сүрдүүлэх
захидлууд, өмөөрөн бичсэн хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх нийтлэлийг
уншин шоолж өөрийг минь гадуурхсаар л байсан. Аз болж би дүлий учраас тэднийг
сонсолгүй нийтлэлээ бичсээр л байлаа. Миний оюуны өмчийг дээдлэн сахидаг, миний
блогийг үргэлж уншдаг, намайг бас үзэн яддаг тэдгээр 2000 гаруй залуусын дунд
би манлайлагч нь юм.
2013 онд коллежид сурч байхад сард нэг удаа сургуульд
минь ирэн, гэрлэж үзээгүй байж гэр бүл төлөвлөлтийн талаар ярин мөнгө авах
бүдүүлэг илтгэгчид, аялж үзээгүй байж эрсдэл хэрхэн давах талаар ярих ах нараас
би ичиж байлаа. Бодит үнэнг худал болгож, худал зүйлийг үнэн болгон, хэдэн найз
нарын минь толгой эргүүлэх чадвартай тэд нар л намайг хүний өмнө үг хэлэх
зоригийг минь мохоосон хүчирхийлэгчид байлаа. Тиймээс л 2015 онд би амаараа бус
бичгээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Эрхийн Хороонд монгол хүүхдүүдээ
төлөөлөн илтгэл бичих багийн гишүүн болон ажилласан юм. Засгийн газар маань
хэлгүй байхад, би хэлгүй байж чадсангүй. Хүүхэд бүр жилд ханиадаар өвчилдгийг
тэд мэдэх болов уу? Миний эгч төрөхийнхөө тулд эмч нарт авилгал өгснийг хэвийн
үзэгдэл гэж боддог болов уу? Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж амиа алдах охидын
сэтгэлийг тэд нар ойлгох болов уу?[2] Би
эрхээ хамгаалах чадваргүй хүүхдүүдийн хувьд тэдний эрхийг нь хамгаалагч баатар
нь баймаар байна. Би ирээдүйд төрөх охиныхоо үлгэрлэн дууриах хүн нь. Хүүхдүүд
хүчирхийлэлд өртөж байхад ямар нэгэн шийдвэр авахгүй атлаа хэн нэгний дотоожны
асуудлыг төрийн сүлдний өмнө ярьж байгаа нь намайг сохор болгосон. Би хараагүй
хүн. Гэхдээ би мэдрэхүйтэй, мэдрэмжтэй учраас олон улсын байгууллагад өөрийн
үзэл бодлыг тусгах үүднээс “Дэлхийн Зөн”-д олон 100 гаруй хүмүүстэй өрсөлдөн
тэнцэж хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулан 5 цуврал хичээлийг бэлтгэсэн учраас
би нийгмийн ажилтнуудад манлайлагч нь.
Би хөгжлийн бэрхшээлтэй
ч 19 нас хүртлээ нийгмийн даатгалыг 2 жил гаруй тасралтгүй төлсөн баян хүн. Би
сэтгэлийн баяныг бус түрийвчний баяныг ярихыг хүслээ. Би бусдаас илүү
хөдөлмөрлөж сургалтын төлбөрөө өөрөө төлж чадсан би баян хүн. Дэлхийд сүлжээ
буудлын чансааны 7-д эрэмбэлэгдэх “Бэст Вэстэрн” сүлжээний Туушин, Азид тэргүүлэх,
Монголын №1 буудал болох Шангри-лад аль алинд нээгдэх үед айж санаа зоволгүй
ажилд бүртгүүлж гадаадынханд үнэлэгдэж ажилд орсон би ажил хайгчдын хувьд,
коллеж төгсөгчдийн хувьд манлайлагч нь юм.
Би тархиндаа эмгэгтэй.
Цалин авахгүй мөртөө бусдын төлөө дуугарах чадалтай, хэн нэгнийг хайрлах
мэдрэмжтэй залуу хүн. Би тархиндаа эмгэгтэй ч биедээ биш. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүсийн зовлон, бэрхшээлийг ойлгохын тулд тэргэнцэртэй нэг
өдрийг өнгөрүүлэн түүгээр нийтлэл бичиж, видео хийн нийгэмд цочроо өглөө. Хотын
төв хүн бүрт ээлтэй биш гэдгийг харах ёстой хүмүүст нь харуулж чадсан. Үүнийгээ
ч үргэлжлүүлэн төсөл болгож нийтийн хүртээл болгож Улсын Их Дэлгүүрийн урд
довжоог арилтал, Тэнгис кино театрын олон шатыг налуу замтай болтол нөлөөлж
чадсан би болон манай багийнхан хөгжлийн бэрхшээлтэй бус тусгай хэрэгцээ
шаардлагатай 100,993 иргэнд[3]
баатар нь болж чадсан.
Бидэнд алхам тутамд маш
их боломж байдаг. Төмрийг зөвхөн чулуу л ирлэдэг шиг миний амьдарч буй нийгэм намайг
хурцалсан. Надад том зорилго бий, түүнийгээ ч өнөөдөр биелүүллээ. Өмнө нь
хэлсэнчлэн энэ танхимд манлайллын бус өөрийн түүхийг ярилаа. Хөгжлийн
бэрхшээлийг даван туулахын төлөө, эрүүлжихийн төлөө амьдралын боломж бүрийг
услан, зорилгынхоо төлөө нэг хуруугаа хөдөлгөсөн байсан ч та, бид харамсахгүй
амьдарна. Манлайллыг нэг өдөр бий болгодоггүй. Таны төрсөн цагаас хойш таны
амьдралын зураас таны манлайлал байна гэдэгт итгээрэй. Харин амьдралдаа алхах
тутамд боломж гарч ирэн услахыг шаарддаг.
Бидний мэдэх харааны,
сонсголын, тулгуур хөдөлгөөний, бэрхшээл зэрэг нь хөгжлийн бэрхшээл биш юм.
Зүгээр л тусгай хэрэгцээ тэдгээр хүмүүст хэрэгтэй. Харин нийгэмдээ болохгүй,
бүтэхгүй байгаа зүйлсийг байх ёстой мэтээр харж байгаа тэдгээр хүмүүс л хөгжлийн
бэрхшээлтэй. Би тэдний нэг нь байхгүйн тулд харж, сонсож, босохыг хүслээ. Би
ирээдүйд төрөх охиндоо манлайлагч баймаар байна.
Залуу нийтлэлч А. Алтанбаяр
mundag yumaa
ReplyDelete