Өнөөдөр 7 дугаар сарын 16-ны өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэгдсэн Бид чадна-Сайн дурын хөтөлбөрийн хүрээнд манай багийн гишүүд нэг өдрийг өөрсдөө Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэн болж өнгөрүүлсэн юм. Сонсголын, харааны, тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй болж их дэлгүүр, кино театр, банк, номын дэлгүүр гэх мэт хүний өдөр бүрийн хэрэгцээт шаардлагатай газруудыг төлөвлөсөн байлаа.
Бидний эхний алхам Үндэсний Статистикийн хорооноос тоон мэдээ авах байсан юм. Монгол улсад 2016 оны байдлаар нийт 100,993 иргэн байна хэмээн мэдээллэсэн ч тэдгээрийг бэрхшээл бүрээр ангилаагүй байсан нь бидэнд дутмаг санагдлаа.
Түүний дараа бид “Түгээмэл Хөгжил” ТББ-аас тэргэнцэр хүсэн авч ажлаа эхэлсэн юм. Автобусны буудал хүртэл ердөө 200-300 метр зайтай л байв. Гэхдээ тэргэнцрээр тэрхүү шороон замаар явах, замд маш олон өндөр довжоо таарах нь тэргэнцэртэй явсан надад там мэт санагдсанаа юунд нуух вэ? Яагаад эдгээрийг хүн бүрт хүртээмжтэй хийгээгүй юм бол гэж гомдолломоор л байлаа. Ашгүй зам гарахаар ногоон гэрэл асахад зарим машин гэрэлтэй уралдан хурдаа нэмнэ. Хүмүүс ч урагшилж алхахад амжих болов уу? хэмээн дугуйгаа хамаг хурдаараа түрсэн ч гэрэлтэйгээ уралдан ашгүй нэг амжив. Эхний автобусанд суух гэсэн боловч буудлаас хэтэрч зогсон намайг орхиод явчихсан юм. Энэ нь ч аз болсон байх. Тэр автобус 3 өндөр шаттай. Тэглээ ч өргөх хүн ойр орчинд харагдаагүй. Дараагийн автобусанд суух гэтэл автобусны зогсоол, буудал хоёрын хооронд нөгөө л өндөр довжоо. Хүнээс гуйна гэдэг ямар их зориг тэвчээр вэ? Ах аа намайг өргөөд гаргаад өгөөч, ах аа нөгөө тийшээ, ах аа зөөлөн, ах аа болгоомжтой эдгээр үгсийг нэг довжоо гарах гэж ямар олон хэлэв дээ. Энгийн иргэд ХБХ-д хэрхэн туслах вэ, хэрхэн тэргэнцэртэй иргэнийг довжоо гаргах вэ? гэх мэт мэдлэггүйгээс би золтой л хамраараа газар уначихсангүй. Нөгөө ХБХ-д ээлтэй урт автобусанд суух гэж зовж байгаа юм чинь солонгосын алдарт шар, цагаан автобусанд суух гэж мөрөөдөөд ч хэрэггүй юм шиг байна.
Хэдэн буудлын дараа “Улсын Их Дэлгүүр” дээрээ ирлээ. Бидний зорилго бол үүний 5 давхрын кино театрт кино үзэх байсан юм. Гэхдээ буугаад зам гарсны дараа яг цагаан шугамын цаана нөгөө алдарт довжоо маань намайг дахиад хүн гуй гэж байгаа юм шиг харагдлаа. Хажуугийн таксины жолооч нарыг гуйн бас л өргүүллээ. Би чинь хүнээс ямар ч их гуйж, ямар ч их тусламж авдаг юм бэ дээ. Ашгүй нэг налуу зам таарч өөрийгөө дийлэхгүй байсан тул багийн гишүүнээрээ туслуулж, 2-уулаа даахгүй байсан тул дахин нэг эрэгтэй хүнийг гуйлаа. Энэ чинь ямар өндөр налуу зам бэ? гэж бодмоор. Их Дэлгүүр ороод лифтэнд шахцалдаж арай хийн театртаа орлоо. Сонсголын бэрхшээлтэй охин маань пилет захиалах гэж их л зовсны эцэст ойлголцон авсан юм. Сонсголын, харааны бэрхшээлтэй 2 маань киногоо үзсэн ч бидэнд киноныхаа талаар ярьж өгч чадаагүй юм. Яагаад хажуунаа дохионы хэлтэй, ядаж урсдаг бичигтэй байж болдоггүй юм бол? Монголын хамгийн том Их Дэлгүүр маань ийм байгаа юм чинь нөгөө “Sunday”, “Golden Plaza”, “Бөмбөгөр”, “ОУ-ын худалдааны Нарантуул” зэрэг рүү зүглэлтгүй бололтой.
Ганцхан газраар ороход ингэж их ядарч байгаа юм чинь цааш боломжгүй, яваад ч амьд буцаж ирэх нь тодорхойгүй санагдлаа. Ингээд бид видеогоо дуусгалаа. Гэхдээ нөгөө төлөвлөөд байсан газрууддаа очсон бол бас л том том асуудлуудыг харах байсан байх.
Өдөржин л бид ЯАГААД? гэж асуумаар. Хамгийн эхэнд дурдсан 100993 хүн хаана байна? гэж бодмоор. Биднийг хотын гудамжаар алхахад нэг ч Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн таараагүй нь бас гайхмаар. Тэд хаана байна? Хотын төвөөр л бид ийм их бэрхшээлтэй тулгарч байгаа юм чинь, гэр хорооллоор бол ямар байгаа нь ойлгомжтой. Залуучууд бид юу хийх хэрэгтэй юм бол? Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань ингэхэд яаж өөрсдийгөө хөгжүүлж байна вэ? Эдгээрийг бодох асуудал, хийх ажил болжээ.
Нийтлэлч: А. Алтанбаяр
Comments
Post a Comment