Бичвэрээ яаж эхлүүлдгээ ч мартаж дээ. Бараг нэг жил нийтлэл бичээгүй юм байна. Энэ хугацаанд миний амьдралд ямар ч өөрчлөлт гараагүй сайн мэдээтэй. Тийм ээ энэ бол хамгийн сайн мэдээ шүү. Хамгийн богино бичвэр юм шиг байна.
Миний энэ өвөлжин бодож яваа зүйл нь "мундаг" гэх үг. Олон хүн энэ үгийг надад хэлдэг. Нэг л өдөр энэ үгэнд дургүй болчихсон."Мундаг шүү, амжилт хүсье, шилдэг нь байгаарай" гээд л. Эхнээс нь эхэлье.
Хүүхэд байхад утга учиргүй маш олон арга хэмжээнд оролцож, хөгжил гэх зүйлийн төлөө хөгжөөгүй залуустай хүртэл худлаа ярьж суусандаа одоо ч харамсдаг. Тэр оролцоо болгонд "Бид нэг алхам залуусаас түрүүлж алхаж байна" гэж биднийг дөвийлгөж, дэмжих гэж үзэх ч биднийг нэг алхам урд битгий хэл хэдэн алхмын хойно үлдээсэн юм билээ. Би спортод сонирхолгүй, амьдалдаа нэг ч бөмбөг барьж үзэлгүй 20-оод жилийг өнгөрүүлсэн минь ч тэдний буруу. Дуу хөгжим, киног одоо л сонирхож байна. Энэ бүгдээс хол байхад "Мундаг" гэх үг л саад болжээ. Хоёрдугаар ангидаа дүүргийн математикийн олимпиадад түрүүлснээс хойш олимпиад алгасаагүй ч, амжилт мөн дагуулаагүй. Зүгээр л хүмүүс намайг мундаг гээд бодсон юм шиг байна лээ. Коллежид ормогцоо оролцсон бүх олимпиаддаа түрүүлсэн ч ЭЕШ-даа хангалттай оноо аваагүй маань мундаг бишийг маань харуулна.
Энэ бичвэрийг бичих болсон шалтгаан маань шинэ жилийн мэндчилгээ, хүмүүсийн сэтгэгдэл. Мундаг байхыг хичээх бүрт саарал эрхмүүдийн гарт идэгдэж байгаагаа ухаарсаар. Момо номыг амьдралынхаа чиглүүлэг болгохыг хичээх ч саарал эрхмүүд хаа сайгүй. Би мундаг байхыг хүсэхгүй байна. Би Алтанбаяр л байхыг хүсч байна. Би өөрийн эрхээ хангуулахын төлөө үгээ байнга хэлдэг, аялал жуулчлалын мэрэгшсэн үнэмлэхтэй, одоо эдийн засгаар сурч байгаа хүн. Бусдаас давуу байхыг ч хүсэхгүй байна. Саяхан оролцсон тэмцээн бүртээ давуу байдал үүсгэх вий дээ гэж олон хоног санаа зовсны эцэст тэмцээнүүд маань дууссан. Тэмцээнийг ч үзэн яддаг. Өөрийгөө үнэлүүлэх, мөнгөтэй болох нэг арга байж болох ч түүнд оролцох бүрт мундаг байх ёстой юм шиг санагддаг.
Бүх зүйл дээр мундаг байхыг шаардаж байгаа хүмүүсийг хааяа үзэн ядна. Хичээл дээрээ ч, амьдрал дээрээ ч мундаг байхыг хүсэхгүй байна. Би зүгээр л өөрөөрөө байхыг хүснэ.
Мундаг шүү, хичээгээрэй, мундаг байгаарай гэх үгсийг хэлэхдээ нөгөө хүндээ энэ үг дарамт болж байгаа талаар бодож байгаарай. Бид мундаг байх албагүй. Бид өөрсдөөрөө л байх нь чухал.
Мундаг шүү, хичээгээрэй, мундаг байгаарай гэх үгсийг хэлэхдээ нөгөө хүндээ энэ үг дарамт болж байгаа талаар бодож байгаарай. Бид мундаг байх албагүй. Бид өөрсдөөрөө л байх нь чухал.
Comments
Post a Comment