Skip to main content

Миний блогоор зочилсон

ТӨРСНӨӨСӨӨ ХОЙШ ГЭМТ ХЭРЭГТЭН



Энэхүү бичвэр авлигын талаар өгүүлэх болно.

Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн. Энэ гарчиг танд сонирхолтой санагдах байх. Гэхдээ авлигын талаар өгүүлэх өөрийн нийтлэлийг ингэж нэрлэлээ. Өчигдөр харих замдаа сонсох дуртай UNLOCK подкастын шинэ дугаарыг сонссон юм.  Энэ удаад Тэгшээ, Дээгий хоёр маань “Born a crime” буюу “Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн” номыг ярьсан байлаа. Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдсэн бөгөөд Өмнөд Америкийн хошин шогч (монголд хөгжөөд байгаа stand up comedy хийдэг гэсэн үг) Тревэр Новагийн (Trevor Noah) амьдрал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар өгүүлдэг. Сонирхвол та сонсоод үзээрэй.
Энэ нийтлэлийг хэзээ нэг өдөр бичнэ гэж бодоод л явдаг байсан юм. Харин өчигдөр нэг багш маань бичээд үз гэдэг санал тавиад, тэгээд л би бичихээр шийдлээ. Гэхдээ үүнийг уншаад манай арван жилийн багш нар тийм ч сайхнаар хүлээж авахгүй байх. Би Ерөнхий Боловсролын Сургуулиа (ЕБС) төгсөөд яг 6 жил болох гэж байна. Надад арван жилийн сургууль гэдэг нь яг л тамд байгаа юм шиг санагддаг байсан. Ийм ч юмны мөнгө, тийм ч юмны мөнгө. Хамгийн гайхалтай нь хүүхэд бүр үг дуугүй л өгдөг байлаа. За нийтлэлээ эхэлье.
Төрснөөсөө хойш гэмт хэрэгтэн. Энэ нэрийг номын зохиолч гоё сайхан сонсогдсон болохоор өгөөгүй. Нээрээ тэр залуу гэмт хэрэгтэн байсан. 1980-аад онд цагаан арьстан, өнгөт арьстан хоёр хүн хүүхэдтэй болох битгий хэл дотно харьцаатай байх нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог байсан хэрэг. Нова л өөрийгөө гэмт хэрэгтэн гэж хэлэх зоригтой байгаа болохоос Монгол хүн бүр гэмт хэрэгтэн. Энэ үгийнхээ арыг би дааж чадна. Сүүлийн үед бичсэн пост, нийтлэл бүрийнхээ араас шүүхэд дуудагдчих гээд л байгаа шүү (хаха нээрээ). Би сэтгүүлч биш болохоор хардах эрх байхгүй юм шиг байгаа юм. Гэхдээ бичнэ ээ. Миний мөрөөдөл одоо ч сэтгүүлч болох.
Би төрөхдөө л гэмт хэрэгтэн байсан гэдгээ хэдэн жилийн өмнөөс мэдсэн. Манай ээжийг төрөх үед ч, одоо ч төрөх гэж байгаа эмэгтэйчүүд эмч сувилагчдад байдаг бүхнээ дэлгээд бэлэн мөнгө, бэлэг сэлт өгдөг. Энэ нь тийм ч гайхмаар уншигдахгүй байж магадгүй. Гэхдээ хүүхэд төрөхөөсөө л авлигын гэмт хэрэгт холбогдож байна (2015 онд Монгол хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд энэ асуудлаар бичиж байсан.). Эмч нар цалин авдаг хэрнээ хүмүүсийн өгсөн гарын бэлгийг юу ч болоогүй юм шиг л авдаг. Энэ асуудлыг шүүхэд өгвөл яаж шийдэгдэхийг би ёстой таашгүй. Төрөх эмэгтэйчүүд (зарим тохиолдолд тэдний гэр бүл) дунджаар эмчид 50,000 төгрөг өгдөг (дунджаас доогуур орлоготой буюу яг манай гэр бүл шиг орлоготой хүмүүс. Гэхдээ монголын хүний дундаж цалин 968,000 төгрөг. Манай гэр бүлийн дундаж орлого Монгол хүний дундаж орлогын яг тал нь ). За тэгээд дундаж цалинтай дөхөх өрхүүд бол үүнээс их гэсэн үг. Төрөхөөсөө авлигын асуудалд орсон л байгаа биз дээ. Таныг ч төрж байхад танай гэрийнхэн эмчид ямар нэгэн зүйл өгсөн л байж таараа. Барьсан ч алзахгүй. (За дээр үед яадаг байсныг нь мэдэхгүй барьцан шүү хэхэ)
Ингээд авлигын асуудлаасаа салж хагацаагүй 7 нас хүрэхэд нөгөө ЕБС-даа орсон юм. Манай гэрийн ойролцоо сургууль байдаггүйгээс (сургууль битгий хэл олигтой зам ч байхгүй, нийтийн тээвэр ч явдаггүй байсан юм) хаа байсан хороолол руу айлд суурьшин сургуульд явдаг байсан. Гэхдээ авлига өгөөгүй ээ. Би өөрийн хүчээр бүх хүнд шалгалтуудыг нь өгч орсон. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдээс уншуулж, бичүүлж шалгалт авсан гээд л бод. Харин өөр сургууль руу шилжих гэхэд сургуулиуд шууд л мөнгө нэхдэг байсан. Намайг нэгдүгээр ангид байхад ч, одоо ч аймар аймар асуудлууд байсаар байгаа юм байна лээ. Энэ зун бид “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийж эхэлсэн. Одоо тайлан маань 12-р сард бэлэн болно. Харин судалгаагаа хийж байхад хамаг хуучин дурсамжууд маань сэдэрсэн. За хэд хэдэн дэд бүлэг болгоод үндсэн зүйлээ бичих гээд үзье.
Багш нар бол оюутнуудаас өлсгөлөн...
Багш нараа намайг уучлаарай. Та нар цалин багатай, нийгмийн амьдралд чинь улсаас хангалттай дэмждэггүйг би мэднэ. Гэхдээ хүүхдүүдээс яагаад өөрсдийнхөө хоолны мөнгийг гаргуулдгийг би ёстой багаасаа л гайхдаг байсан. Хүүхдүүд суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших ёстой байтал сургуульдаа маш их мөнгийг хураалгадаг. Үүний нэг нь шалгалтын хоолны мөнгө. Би жил бүр л улирлын шалгалт, явцын шалгалт, төгсөх шалгалт болох бүрт багш нарт хоолны мөнгө хураалгадаг байсан. Багш нар бүр өөрсдөө ч хураахгүй хүүхдүүдээр хураалгадаг байсан нь аймшигтай. Манайх хөдөөнөөс хотод орж ирээд удаагүй байхад аав, ээж хоёр маань хоёулаа ажилгүй хэрнээ намайг бусдаас дутаахгүйн тулд хоолны мөнгө гэж нэхсэн 1000, 2000 төгрөгийг нь олон хүнээс асууж, зээлж, зээлсэн мөнгөө надад өгдөг байсныг би санадаг. Энэ асуудал одоо ч байдаг юм байна лээ. Зун хүүхдүүдтэй уулзахад энэ мөнгө 5000 төгрөг болж өссөн сурагтай (бас л манай гэр хорооллын сургуулиудын дундаж өгдөг мөнгө нь, төвийн сургуулиуд руу бол үүнээс ч их). Найрамдалд хүүхдийн чуулганд оролцож байх үеэрээ энэ асуудлыг хүүхдүүдтэй ярилцахад манай гэр бүлд тулгардаг асуудал бусад хүүхдүүдэд ч тулгардаг болохыг мэдэж авлаа (уг нь би хүүхдүүдээс хав нуудаг байсын). Нэг хүүхдийн багш нь бүр энэ мөнгийг өгөхгүй бол шалгалтанд оруулахгүй гэж хэлсэн байх юм. Бичигдээгүй хууль ч гэх үү, байх ёстой хэм хэмжээ ч гэх үү энэ уламжлалыг халахгүй бол олон хүүхэд гэр бүлийнхээ санхүүгийн байдалд санаа зовон ажил хийж, хичээлдээ амжилттай суралцахын төлөө бус багшийн хоолны мөнгөний төлөө санаа нь зовних вий дээ.
Ажил хийхгүй бол манай багш зодно, хүүхдүүд шоолно...

Хүүхдийн хөдөлмөр... Энэ үгийг хүмүүс байх ёстой ч юм шиг, байх ёсгүй ч юм шиг янз янзаар л тайлбарлаг (Уг нь хуулиараа хориотой зүйл). Хэд хоногийн өмнө EAGLE TV- ийн фейсбүүк хуудсаар үнэртүүлэгч зардаг хоёр хүүгийн талаар хүмүүс ихэд шуугиж, нэлээн газар авав ( Үзэхийг хүсвэл: https://www.facebook.com/eaglenewssocial/videos/338523080044742/). “Ямар хөөрхөн хүүхдүүд вэ?, болоо ш дээ, хөдөлмөрч юм аа” гэх мэт комментууд бичигдсэн байх юм. Тэд 7 жил үнэртүүлэгч зарсан гэлээ. Одоо ч тэд надад жаахан л харагдаж байна. Гэхдээ энэ тийм ч хүн өхөөрдөөд байхаар асуудал биш юм байгаан. Тэдний ярианы эхэнд яагаад энэ ажлыг хийдэг талаар асуухад “Сургууль маш их мөнгө шаарддаг. Ангийн фондны мөнгө 3000..., үүнийгээ өгөөд үлдсэн мөнгөөр нь хичээлийн хэрэгслээ авдаг” гэсэн байна. Энэ асуудал намайг бага байхад ч байсан. Намайг ЕБС-д сурдаг байхад муухай хувцастай, дүрэм хувцасгүй, ангийн фондны мөнгө өгөөгүй хүүхдийг багш нар ямар их загнаж, зоддог байсан гээч. Бүр хананд савж, өсгийтэй гутлаараа хөлөн дээр нь дэвсэлдэг байсан. Тийм багшаар  хичээл заалгасан гэхээр аймар байдаг. Нэр хүндэд халдсан гээд шүүхэд өгвөл өгөөрэй (Энэ багшийн нэртэй ижил багш нар амьдралын минь турш зэвүүнээрээ л бодогддог юм байна лээ). Тэр үнэртүүлэгч зардаг гээд байгаа олон тооны хүүхдүүдийг хүнсний 4-р дэлгүүр орчмоос харж болно. Машин зам дээгүүр хөдөө бэлчих хонь, мал шиг л машин явж байгааг үл тоон алхана. Машинд дайруулах вий гэж санаа зовдог хүмүүс байдаг болов уу? Тэр бичлэгийг үзээд багш нар нь зодсон болов уу? надад бол бодохоос ч аймар байна.
Миний сургуулиасаа гарсан шалтгаан
Ямар ч онц сурдаг хүүхэд коллежид мөрөөдөн мөрөөдөн орлоо гэж над шиг худлаа ярихгүй. Би л ингэж ярьдаг. Яг үнэндээ дүрэмт хувцас авах мөнгөгүйгээсээ болоод коллежид орсон юм. 2-5-р анги хүртлээ 2 дүрэмт хувцас боломжийн үнээр, 7-9-р анги хүртлээ 1 дүрэмт хувцас бас л боломжийн үнээр авсан. Гэхдээ намайг 9 төгсдөг жил Боловсролын яамнаас (БСШУЯ) бүх ЕБС-ийн хүүхэд нэгэн ижил дүрэмт хувцас өмсөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Манай гэр бүл багш нарын хоолны 3000 төгрөгөнд толгой нь өвдөж байхад дүрэмт хувцасны 120,000 төгрөгний сургийг сонсоод яаж хүлээж авсныг нь төсөөлөөд үз. Гэхдээ би ажил хийгээд олоод өгөх боломжтой л байсан. Гэхдээ энэ мөнгөөр мэргэжилтэй болох боломж коллежид байсан хэрэг. Манай коллежийн төлбөр 130,000 төгрөг байсан. Бас сар бүр 70,000 төгрөгний тэтгэлэгтэй гэж байгаа. Тэглээ ч би 2-р курсээсээ хойш нэг ч төгрөг сургуульдаа өгч байгаагүй (бүр төлбөр хүртэл- тэтгэлгээр сурч байсан), багшийн хоолны мөнгө ч гэж өгөөгүй. Тийм болохоор л ЕБС-ээс коллежийг илүүд үздэг юм. Одоо манай арван жилийнхэн нөгөө дүрэмт хувцасныхаа хэргийг гаргаж байгаа л гэж найдъя.
Амьдралдаа ийм урт нийтлэл бичиж байсангүй шүү. Энэ гурав дахь хуудас маань. Төгсгөхгүй бол хүмүүс залхах байх. Арван жилийн амьдрал хүн бүрт гэгээлэг санагддаг ч надаа болон манай гэрийнхэнд энэ нь хүнд санагддаг. Нөгөө л “мөнгийг нь яаж олъё доо” гэж намайг унтаж байхад ярилцах аав ээжийн үг одоо ч чихэнд сонсогддог. Харин одоо бол юунд ч санаа зовуулахгүй байлгаж чадаж байгаа гэж боддог. Их сургуулийн төлбөрөө хүртэл өөрөө тэтгэлгээрээ олж чаддаг. Энэ жил голч маань буурах магадлалтай, тэтгэлгээсээ хасагдах эрсдэлтэй байгаа тул энэ зун ажил хийнэ гэж бодож байгаа. Энэ бодол оюутан хүнд бодогдоход байж болох ч яав ч хүүхдэд биш. Тэд сурахдаа л анхаарал хандуулах ёстой болохоос гэр бүлийнхээ санхүүд санаа зовних учиргүй. Би багш нарыг шулаач гэж дүгнэхийг хүсэхгүй байна аа, тэд ажлаа л хийж байгаа. Зарим зүйлийг л байх ёстой юм байна гэж буруу боддог. Цалин нь ч буудалд үйлчлэгч хийдэг ээжийн минь цалингаас бага. Улсаас л боловсролын салбарт хангалттай мөнгө төсөвлөж чадвал хүүхдүүд ч гэр бүлийнхээ санхүүгийн байдалд санаа зовохгүй, багш нар ч нэр нь цэвэр, хичээл заахдаа л анхаарал хандуулах биз.
Малала охин боловсрол эзэмшихийн төлөө амь насаа алдахаас ч үл айн тэмцсэн шиг, Монгол хүн бүр авлигын асуудал, шударга бус байдлыг үгүй хийхийн төлөө эсэргүүцээсэй гэж нийтлэлч миний зүгээс хүсье. Нийгэмд яг юу болж байгааг мэдэх юм байхгүй байгаа ч, томчууд маань хүүхдүүдтэй адил авлига өгж, зарим сургуулийн захиралтай адил авлига авсан бололтой байх шиг байна лээ.
Нийтлэлч: Алтанхуягийн Алтанбаяр                     

Comments

  1. Ер нь энэ асуудал байсаар байгаа. Хүн мэдэхгүй юм аа мэддэг юм шиг ярих хамгийн муухай байдаг. Эдгээр олон хэрэг гэр бүлд маань хүндээр тусаж, ээж аав хоёр маань эмзэглэж байгаагүй ч ангийн дарга байсны хувьд мэдэх юм.
    Шалгалтанд орохоос долоо хоногийн өмнө мөнгөө хурааж эхэлдэг, хураалгаагүй бол угаас шалгалтанд оруулахгүй. Шалгалтын цаасны мөнгийг ч гаргана. Мөнгөө хураалгахгүй хүүхэд олон байна. Мөнгөө бүрэн цуглуулж чадаагүй би багшаар загнуулна. Эргээд өнөөх хүүхдүүддээ гомдоллоно.
    -Та нар яасан сонин юм бэ! Мөнгөө өгөлдөө, маргааш шалгалттай биздээ. Багш өнөөдөр цуглуулж дуусга гэсэн ш дээ.
    -Уучлаарай, нараа. Би мартчихжээ, маргааш ирэхдээ аваад ирье тэгэх үү.
    -Ер нь би өгөх ёстой юм уу, Багш нарт заавал хоолны мөнгө өгөх ёстой юм уу
    -Даварцан юм бэ? Яагаад бид нараас мөнгө хураадаг юм бэ?
    Ийм яриа зөндөө болно. Би дотроо энэ хүүхдүүд ямар сонин юм бэ? Ээж аавынхаа өгсөн мөнгөөр PC-дчихсэн юм байхдаа, 1000хан төгрөгөн дээр ингэж харамлах хэрэгтэй юм байхдаа, аав ээж нь яагаад мөнгийг нь өгдөггүйн болоо гэх зэргээр элдвээр л боддог байлаа. Гэнэн нас минь дээ.
    Харин жаахан том болоод ХОУЗ, АХНЗ гээд л хүүхдийн хамгаалал, оролцооны байгууллагуудад элсэж дуу хоолойг нь хүргэх болсон чинь харах өнцөг, бодох бодол минь тэр аяараа эргэж билээ.
    9-р ангидаа коллежлуу ордог зөндөө хүүхдүүд байна. Бүр яалтачгүй гоц мөртлөө сургуулиа хаядаг хүүхдүүд байна. Ийм багаасаа амьдралд нухлагдаад, ажил хийгээд сурчихсан. Бидэн шиг л инээж , баясаж, тоглож, аав ээжийнхээ гар дээр эрхэлж байх ёстой байтал өглөөнөөс гэгээ тасартал аар саарханаас хүнд хэцүү бүгдийг нь хийнэ. Олсон жаахан мөнгө нь хэвтэрт байгаа ээжийнх нь эмний мөнгө, жаахан дүүд нь тал талх болоод л дуусна.
    Уг нь бүгд яридаг, томчуул бүр их гоёор ярина. Даанч арчаагүй болохоор, амиа боддог болохоор юу ч хийж чадахгүй. Бүр ичихгүй худлаа зураг даруулчихаад арилаад өгнө.
    Бид ч гэсэндээ чаддаггүй л юм. Мөнгө цуглуулна. Аваачиж өгнө. Цагаан сараар аян өрнүүлнэ. Бууз банш, ул боов нэг удаадаа ямартай ч баярлуулна.
    Гэвч найз минь цаанаа, дотроо нулимс асгаруулан уйлж байдаг байсан юм билээ. Би яаж мэдэхэв дээ. Их л гавьяа байгуулчихсан хүн шиг баярлаж байдаг байлаа шүү дээ.
    Ингээд бодохоор хүүхдийн хүчирхийлэл, дарангуйлал, мөлжлөг, үе тэнгийнхний дарамт шахалт хаа сайгүй байсаар л байна. Хүүхдүүд өөрсдөө хөдлөвөл энэ томчуудаас дээр юм хийдэг байх шүү бараг. Гэхдээ ор мөргүй устгаж чадахгүй л байна.
    Шийдэл хаана байна? Хэн санаа тавиж, хаана хөндөгдөж байна?

    ReplyDelete
    Replies
    1. Санал бодлоо хуваалцсанд баярлалаа Нараа. Цаашид илүү мундаг, үгээ бусдад хэлдэг, бусдын эрхийн төлөө дуугардаг байгаарай.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

“ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МИНИЙ НҮДЭЭР...”

Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал юу вэ? гэвэл би “Бидний эрүүл мэнд” л гэж хэлэх байх. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд. Бидний дүү нар эрүүл төрөхийн тулд авилгалын хэрэгт холбогдож байна. Миний эгч гурван жилийн өмнө төрж, би дүүтэй болсон. Эрүүл төрөхийн тулд эмч нарт гарын бэлэг, бэлэн мөнгө өгсөн. Миний эгчтэй адил эрүүл төрөхийн тулд эмч нарт хандив ч гэх үү, гарын бэлэг ч гэх үү, авилгалын шинжтэй зүйлийг ээж нар одоог хүртэл өгсөөр л байдаг. Хэрэв өгөхгүй бол төрөхийн хүндрэл үүснэ хэмээн айж байгаа нь эрүүл мэндийн салбар ямар аюултай байгааг харуулж байна. Энэ жил манай дүү 3 настай бөгөөд цэцэрлэгт сурдаг. Миний дүү болоод миний гэр бүл жил бүр ханиадаар өвчилдөг. Гэхдээ үүнийг хүн бүр байдаг л зүйл мэт харсаар байгаад би айж байна. Эмнэлэгт очиход хүчтэй антибиотик буюу ханиадны эмийг хүн бүрт бичиж өгнө. Гэхдээ энэ эмнээс хэдэн жилийн өмнө надад харшил өгч эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо хурц амттай хоол, хурц үнэр болон амокцлины найрлагатай бүх эмнээс хүнд ...

"ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номын онцлох ишлэлүүд

Л.Өлзийтөгстэй танилцсан нь:  Л.Өлтийтөгсийг 2016 оны 12 сарын сүүл хүртэл шүлгүүдийг нь битгий хэл, зохиолчийн нэрийг нь ч мэддэггүй байлаа. Миний анхны ярилцлага намайг түүнтэй танилцуулсан юм. Түүнтэй гэдэг нь түүний нэртэй. Анхны ярилцлагадаа маш эрдэм мэдлэг, ажлын туршлагатай хүнийг оролцуулсан тул сайн ярилцлагыг өөрийн блогтоо хэвлэх гэсэн эрмэлзэл тун их байлаа. Яруу найрагч, сэтгүүлч, миний хамгийн сайн эгч С.Бэрцэцэг өөрийн шүлгийн анхны номыг хэвлэхээс өмнө тэрхүү ярилцлагыг минь редокторлаж, баярласан сэтгэлдээ түүнд Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” хэмээх шүлгийн номыг бэлэглэсэн. Ингэж л яруу найрагчийн нэр болон цөөн хэдэн шүлгүүд, бичвэрүүдтэй нь танилцсан юм. Дараагийн түүнтэй илүү их дотносох болсон сэдэл бол түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын “Сохор” өгүүллэг байсан.     “Үзэхийн хязгаар” номыг унших болсон сэдэл Би ямар нэгэн номыг бүтнээр нь уншихын тулд төрөх гэж буй эмэгтэй шиг дуншиж дуншиж л уншдаг гэхэд болно. Л.Өлзийтө...

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ" номын тэмдэглэл

Номын зохиолч:  "Марк Мэнсон"  Номын нэр:  "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Ө өрийн блогт нийтлэл гэхээс илүүтэй номын тэмдэглэл л сүүлийн үед оруулж байна. Учир нь оюутан болоод ганц сурж буй зүйл нь ном унших. Сайн гэх үнэлгээг өөртөө өгмөөр байна. 7 хоногт ядаж нэг ч гэсэн нүүр ном уншиж байна гэдэг нь миний хувьд ололттой тал санагддаг. Гэхдээ одоо өдөрт ядаж 5 хуудсыг эрхэмлэж байна. Арван жил, коллежид нэг номыг бүтэн унших байтугай эхлүүлж ч байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй биз. Энэ миний буруу биш шүү. Багш нар унш гэж хэлээгүй юм чинь. Сүүлийн 2 жил номыг удаан хэдий ч чанартай уншихад суралцаж байна. Энэ удаагийн миний сонгосон ном бол Марк Мэнсоны "Тоомжиргүй Амьдрах Бяцхан Урлаг". Энэ номыг унших болсон шалтгаан гэвэл миний төрсөн өдрөөр ноднин 2 сарын турш хамтран ажилласан хамтрагч болох Мандалмаа эгч маань бэлэглэсэн юм. Хүнээс ном бэлгэнд авчхаад уншихгүй, номын шүүгээндээ хадгална гэдэг чинь бүдүүлэг хэрэг биз дээ. Тиймээ...