Хятад шаазан мэт итгэл хэзээ хагарах бол...
Итгэл... Миний нэг эрхэм хүн надад ингэж хэлж байсан юм. “Хүнд
итгэнэ гэдэг шиг сайхан чанар гэж үгүй. Тэр хүн итгэлийг чинь алдана уу?
хүлээнэ үү? Түүний л сонголт” гэж. Анхны өөрийн үзэл бодлын бичвэрийг “итгэл”-ийн
тухай бичмээр санагдаад яг нэг сар боллоо. Надад итгэх хүмүүст уншуулмааргүй
тийм л нэг сэтгэл хөдлөлөөр бичихийг хичээлээ.
Энэ тоглоом яг л итгэл шиг юм. Мод сугалахгүйгээр байлгаад л байвал унахгүй байгаад л байна. Гэхдээ заавал унагах ёстой бол унагахгүй гээд яах вэ дээ. |
Итгэл гэх чадварыг хүн эзэмшдэг юм болов уу? үе даган
удамшдаг юм болов уу? Хариулт нь харин аль аль нь. Ээж, аав хоёрынхоо надад
итгэх итгэлийн тухай энэ хэсэгт өгүүлье. Хэдхээн жилийн өмнө би анх удаа аав,
ээждээ худлаа яриад хоногоор найзуудтайгаа хөдөө явчихсан юм. Том хүний
амьдралаар амьдрах гэсэн миний мөрөөдлийн нэг хэсэг нь тэр байсан байх л даа.
Хоногоор буудалд ажилладаг байхдаа далим болгож явсан нь тэр. Гэхдээ хүний
үрдээ санаа зовох зовнил, зөн гэдэг бас л гайхалтай. Хэзээ ч хичээлтэй, ажилтай
байхад залгадаггүй ээж минь тэр шөнө 52 удаа залгасан байсныг маргааш нь хот
руу явах замдаа мэдсэн юм. Тэгээд аав, эгч гээд л .... Бас л аймар мэдрэмж шүү.
Тэр шөнө миний утас болохгүй болохоор нь миний таньдаг бүх хүмүүс рүү яриад, ажил
дээр минь очоод, бүр хоёрын хоёр үзмэрчид үзүүлсэн байж билээ. Бүр үзмэрч нь ч
юу вэ дээ. Тэр нэг үзмэрчийг тамын бурхан гэсгээж, харин нөгөөг нь бурхан өөрийн
үрээ болгож аваасай билээ. Бурхны үр болох тавилантай тэр сохор үзмэрч миний
ээжийн сэтгэлийг нэг тайвшруулсан юм байна лээ. “Таны хүү сайн хүмүүстэй, сайн
явж байгаа. Тань луу 12 цагт өөрөө залгана. Битгий санаа зовоорой” гэж. Би ч 12
цагт л залгасан хэрэг. Хэзээ ч тачигнатал загнуулж, гар хүрүүлж үзээгүй би
насаараа хүчирхийлэлтэй гэрт өссөн мэт гэртээ харих замдаа айж билээ. Гэхдээ
нэг ч илүү үг дуугаралгүй “Сайхан амраад ав. Миний хүү” гэж аав минь хэлсэн нь
зодуулж ухаарахаас илүү ухаарлаг хайрласан мэт. Хүүгээ архи амсахгүй, муу зүйл
хийх хүн биш гэдэгт аав итгэдэг хэрэг. Хэрэв загнавал хүүдээ итгэсэнгүй гэх
миний гомдол өнөөдөр ч тайлагдахгүй байсан биз. Өнөөдрийг хүртэл зугаалгаар
явлаа гэхэд “Хаашаа? Хэнтэй? Яах гэж байгаа юм?” гэж асууж үзээгүй аав, ээж
хоёрынхоо итгэлийг алдчихгүй юм сан даа. Бүр бас даварчихгүй байх сан. Бага
байхад аав “Миний хүү эрдэмтэй хүн болох юм чинь гадаа ажил битгий хэл, хүнд юм
ч бүү өргө” гэж надад урам хайрласан цагаас л хүний итгэлийг алдаж болохгүй гэх
ухаан суусан байх. Тэд бас намайг хэзээ ч машин барьж чадахгүй гэдэгт итгэдэг
нь гайхалтай. Үгүй яах вэ? намайг өөрөө жолооч биш, жолоочтой болох ёстой
гэдэгт л итгэдэг хэрэг.
Бусад хүн итгэхгүй байсан ч, чи л надад итгээрэй.
Comments
Post a Comment