Хүний эрх, миний эрх, бидний эрх, бас дахин хүний эрх.
ХҮНИЙ ЭРХ гэх үгийг бараг зүүдэлдэг.
Би 14 настайгаасаа буюу 2012 оноос эхлэн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын
чиглэлээр сайн дурын ажил хийж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ хэзээ ч өөрийгөө
хүний эрхийн активист гэж нэрлэж байсангүй. ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ гэх алдрыг
зөвхөн 40-өөс дээш насны хүмүүс л үүрдэг гэж боддог байлаа. Гэтэл энэ бодол
минь хэдэн жилийн өмнөөс няцаагдаж эхэлсэн юм. Үүнийгээ багахан тайлбарлах гэж
оролдоё.
Хүний эрхийн байгууллагад ажилласан шалтгаан
Хүн
бүрт ямар нэгэн үйлдэл хийхэд шалтгаан гэж бий. Удаан хугацаанд хийсэн бол
түүнд нь зорилго гэх зүйл гарч ирнэ. Тэрхүү зорилго нь амжилтаар үнэлэгдэнэ. 6
жилийн хугацаанд хуралд сууж, хэлэлцүүлэгт оролцож, зохион байгуулалтын ажлууд
хийсэн маань ямар нэгэн шалтгаантай л байсан байж таарна. Тэдгээрийг бодоод нэг
үзье.
-
Эхний шалтгаан нь зүгээр л уйддаг байсан учраас
уйдаагаа
гаргахын тулд бусдын төлөө ямар нэгэн зүйл хийж эхэлснээ санадаг. Сургууль
дээрээ ямар ч найзгүй байсан надад найзтай болох ганц арга нь оролцооны
байгууллагууд, үе тэнгийн хүүхдүүд маань байсан юм. Бас тэд нартай уулзах
болгонд автобусны 500, 1000 төгрөг өгдөг байсан нь унааны мөнгөгүй гэх зовлонг
арилгадаг байсан. Санаа зовох зүйлгүй, уйдаагаа гаргана гэдэг л энэ. Одоо
хүртэл 14-тэйдээ танилцсан найзуудтайгаа маш дотно найзууд байдагтаа баярладаг.
Тиймээс би ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ
-
Хоёр
дахь шалтгаан: Коллежийн оюутан болоод хүүхэд, том хүн гэх насны завсарт маш их
стрестддэг. Иргэний Нийгмийн Байгууллагын соёл нь хүнийг хүмүүжүүлдэг гэдэгт
итгэдэг. Ямар ч ноомой, даруу хүнийг тэд оролцооны олон аргаараа дамжуулан
нээлттэй болгож чаддаг. Тиймээс л тэдгээр аргууд сонирхолтой байсан тул маш
олон арга хэмжээнд оролцон, олон найзтай болох гэж яардаг байсан. Тэдгээр аргуудыг
ч өдөр бүр танихгүй хүмүүст туршиж үздэг байсан. Миний хүрээлэлд муу хүмүүс ч
гарч ирээгүй. Тиймээс би ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ
-
Гурав
дахь шалтгаан. Зарим хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ үгийг сонсоод уурладаг. Гэхдээ
миний бодит үнэн энэ. Их сургуульд сурах нь миний хувьд гэр бүлдээ хүндхэн ачаа
болно гэдгээ багаасаа л мэддэг байсан учраас ямар ч хамаагүй аргаар хамаагүй тэтгэлэг
авах ёстой гэсэн бодол байсаар байсан. Зүгээр л тэтгэлэг авахын төлөө
сайн дурын ажлууд хийдэг байсан. Гэхдээ жинхэнэ сайн дурын ажил шүү. Хэн нэгний
хөл гарт зарагдчихаад сертификат авч үзээгүй. Би тэдний цалин авдаг ажилтан,
бас боол нь биш. Сайн дурын ажил гэх үгийг хүний эрхийн зарим байгууллагууд
дэндүү гэмээр ашигладаг. Зүгээр л чи зарагд, бид нар тодорхойлолт бичиж өгье
гэсэн хандлагатайгаар ханддаг. Ямар ч хүндлэл, ямар ч ёс зүйгүй байгууллагууд
хүний эрхийн байгууллагууд дотор олон бий. Тэтгэлэг авах маш амархан. Багаасаа л
сайн дурын ажил хийж, хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө тэмцсэн гэдэг нь л тэтгэлэг
авах гол шалтгаан болж өгсөн. Коллежид төлбөр төлөөгүй, их сургуульд ч мөн
адил. Гэхдээ би үүгээрээ бахархдаг. Миний цаг завгүй ажилласны цалин нь
тэтгэлэг юм шүү дээ. Тиймээс би ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ
Хүнд заавал “би
бусдын төлөө байх ёстой” гэсэн сэтгэл, хатуу баримтлал хэрэггүй. Зүгээр л өөрөө
хөгжиж байна гэдэгтээ итгэхэд л хангалттай.
ОДОО Л БИ ӨӨРИЙГӨӨ
ХҮНИЙ ЭРХИЙН АКТИВИСТ ГЭЖ ХЭЛЖ ЧАДНА.
Би өмнө нь хүний
эрхийн баатар байсан юм байна лээ. Би бусдын эрхийг хүндэлдэг, тэр хүний мөн
чанарт халддаггүй, бас тэр хүнийг хүндэлдэг учраас баатар. Сүүлийн хэд хоног
надаас хэд хэдэн хүн “ЧИ ГЕЙ ҮҮ?” гэж асуусан. Үүний хариулт нь маш энгийн. Хэрвээ
би гей бол чи надтай яах гэж?, аль эсвэл хүссэнээрээ бод гэж хэлдэг. Хүмүүсийн
ингэж бодох болсон шалтгаан нийгэмд бараг ижил. Асуудал тулгарсан үед л хүмүүс
дуугарч эхэлдэг. Цаг хугацааны эрхээр тэр асуудал нь буцаад мартагддаг.
-
ХҮНИЙ
ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ НЬ ЗААВАЛ ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛСЭН ХҮН БАЙДАГГҮЙ.
Жишээлбэл:
Намайг бага байхад, хүүхдийн эрхийн сайн дурын байгууллагад ажилладаг байхад
сэтгүүлчид “Чи гэрийнхэндээ яаж зодуулсан бэ?, чи үргэлж дарамтанд байдаг уу?”
гэж асуудаг байсан. Гэхдээ үргэлж “Би заавал зодуулсныхаа дараа танд ярилцлага
өгөх ёстой юу?” гэж хариулдаг байсан. Сэтгүүлчид одоо ч энэ асуултыг асуудаг. Энэ
зүйл ноднин жил ч надад тохиолдсон.
Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) төлөө заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө тэмцэх
албагүй. Хүмүүсийн хэлдгээр тэд бол ЦӨӨНХ. Хүн амын багахан хувийг эзэлж байгаа
тэдний дуу хоолой хэдэн хүнд хүрэх бол? Хүмүүс монголд ХБИ амьдардаггүй гэж
боддог. Яагаад гэвэл тэд гудамжинд харагддаггүй. Бүгд гэртээ, эсвэл хувиараа
хөдөлмөр эрхэлж байгаа. Тэдэнд зориулсан зам талбай, ажлын байр хангалттай биш
учраас л хүний харьяанд гэртээ байгаа. Гэхдээ би тэдний төлөө дуугарсны төлөө
хөгжлийн бэрхшээлтэй гэж дуудуулаагүй л юм даа.
Миний
одоогийн хамрагдаж буй хөтөлбөр бол ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн
төлөөх “Залуу манлайлал хөтөлбөр”. Бас л өмнөхтэй ижил. Гэхдээ тэд цөөнх хэдий
ч аль хэдийн дуу хоолой нь нийгэмд хүрээд эхэлчихсэн. Зарим залуус, өсвөр
үеийнхэн үүнийг хэвийн зүйл гэдэгтэй санал нэгддэг. Энэ нь шинэ үеийн залуус
хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж буйг харуулж байна. Гэсэн хэдий ч
дийлэнх нь үзэн ядаж, доромжилж, бүр ийм хүмүүс байх ёсгүй ч гэж үзэж байна. Тиймээс
олонх гэх хүмүүс ч дуу хоолойгоо өргөх ёстой. Гэхдээ дуу хоолойгоо өргөсөн
нэгнийг заавал чи гомо эсвэл лесби юу? гэж
асуух нь өөрөө тэдний хүчийг барж эргэлзэхэд нь хүргэдэг.
Бусдын
төлөө байх нь өөрөө, би тийм гэсэн үг биш. Таныг шүдээ угаалаа гэхэд хэн нэгэн
шүд чинь цоорцон юм уу? гэж асуувал та гайхна биз дээ. Асуудалд хандах нь ч
гэсэн ийм л ойлголт.
БИ, ЧИ, БИД бүгд
хүний эрхийн баатрууд учраас бүх асуудал хүн бүрт хамаатай байдаг.
Нийтлэлч: Алтанхуягийн Алтанбаяр
Comments
Post a Comment