Эх орон тогтнох, эрх
чөлөө бий болох үндэс нь магадгүй шашин шүтлэг байж болох юм. Улс орон бүрийн
түүхийн гол гэрч, соёл иргэншлийн нэг хэсэг нь мэдээж шашин. Өнөөдөр Монголд
амьдарч буй залуусаас өөрсдийнх нь шашны талаар асуувал өөрсдийгөө ихэнх нь
атист буюу шашингүй үзэлтэй гэж хэлнэ. Гэхдээ хүнд ямар нэгэн итгэл үнэмшил
байдаг. Ойр дотны хүний бие нь муудахад сүмд залбирах, ганданд ном уншуулах
эсвэл бурханд ямар нэгэн байдлаар өөрийн сэтгэлээ уудалж, сүсэглэдэг нь үнэн.
Дэлхий ертөнц төдийгүй Монголд шашны талаар хүмүүс хоорондоо ярилцахад түүнээс баяр
баясал, сайхан энерги бус хэрүүл тэмцэл үүсдэг нь бас гайхууштай.
Би шашны талаар сайн
мэдэхгүй ч өнөөдөр монголд шашны урсгалууд дэлгэрч, хүн бүр өөрсдийн үнэт
зүйлс, итгэл үнэмшлийг сонгож байгааг харж байна. Хэн нэгний итгэл үнэмшилд
халдах гэж энэхүү нийтлэлээ бичихийг хүссэнгүй. Гайхсан зүйлсээ л тодруулах
гэсэн юм. Энэ удаад Буддын болон Христийн шашныг сонгон бичлээ.
Миний эцэг, эх түүний
төрөл төрөгсөд бүгд буддын шашинтай. Бүр том лам нар ч бий. Лам нарын амьдралын
талаар би бага зэрэг гадарлана. Шашны сургуульд багаасаа хамрагдаж, багшийн хий
гэснийг хийж, цээжил гэснийг цээжилж, багш нарынхаа үгнээс гардаггүй банди лам
нарын тэвчээрийг үнэлүүштэй. Бага байхад лам хүүхдүүд эрдэм номд шамдсан их л
аз жаргалтай харагддаг байж билээ. Тэдгээр хүүхдүүд одоо том болж сүм
дацангуудад хуваарилагдсан байх. Гэхдээ би лам нараас айдаг. Айлд ном уншсаны
төлөө мөнгө авдгийг би буруутгахгүй ч маш түргэн их мөнгөтэй болж байгаад нь
атаархдаг бас гайхдаг. Зарим лам нар хүмүүсээс их хэмжээний мөнгө нэхэж байсныг
ч мөн харж байсан. Лам нараар хүмүүс ихэвчлэн цагаан сараар ном уншуулдаг. Тэдний
өдрийн орлого хэд вэ? гэдгийг асуух нь бүдүүлэг хэрэг болох байх. Түүний дараагаар
бие муутай өвчтөн, ядарч яваа эмээ өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийн төлөө олсон
мөнгөөрөө эмнээс илүү ном уншуулахыг илүүд үзэж байна. Өнөөдөр би
Гандантэгчилэн хийдэд ээжийн хамт залбирч, бурхан болсон хүнд ном уншуулахаар
очтол маш олон хүн залбирч байхыг харлаа. Ном бичүүлэх дацанд нэг эмээ өөрт
байгаа бүх мөнгөөрөө хэд хэдэн ном бичүүлж байгааг харах нь надаа их л хүнд
туслаа. Түүний мөнгөн дүн 10 мянган төгрөг болсон. Энэ нь оюутан миний 5
хоногийн хоолны мөнгө юм. Өнөөдөр шинийн 28, ямар нэгэн сайн өдөр биш ч олон
тооны хүмүүс ганданд цуглах нь монголчууд ямар хэцүү амьдралтай болоод өдөр бүр
ихээр залбирч байгаа бол доо гэж гайхлаа. Бас ном бичсэн бичээч лам уртавтар сахалтай
бас утсаараа тоглож байсан. Миний ойлгож байгаагаар бол лам хүн сахал үс
ургуулах ёсгүй. Одоо үед өөрчлөгдсөн ч байж болох юм. Гэхдээ би ижий, аавынхаа
шашныг хүндэтгэн бурхандаа залбирч, өдөр бүр зул өргөдөг. Би буддын шашинтай ч
тэдний төлөөлөгч болох лам нараас хааяа айх юм.
Би 7 хоногийн хагас,
бүтэнсайны аль нэг өдөр сүмд залбирдаг. Энэ үгийг хэлэх нь миний танилуудын
эгдүүцлийг хүргэдэг. Цүнхэндээ “Ариун Библи” үүрэн хааяа нэг гаргаж уншихад
хүмүүс эвэртэй туулай харсан мэт намайг гайхдаг. Хүн шашин шүтэх, эс шүтэх
эрхтэй хэмээн үндсэн хуулиндаа заасан байдгийг хүн бүр мэднэ. Хүний эрхийн
төлөө тэмцэгчдийн өмнө Библийн номоо хэд, хэдэн удаа гаргаж туршиж үзэхэд бас л
нөгөө эвэртэй туулай үзсэн мэт байлаа. Энэ ч асуудал биш л л дээ. Би сүмд
байнга очоод байж амждаггүй. Гэхдээ Есүс Христэд залбирч, дуулалуудыг даган дуулах дуртай. Энэ
үг ч миний нийтлэлийг уншиж байгаа танд эвгүй санагдаж байгааг мэдэж байна. Гэхдээ
бүхий л шашинд өглөг, хандивын асуудал байдгийг мэдсэн. Сүмд залбирсны төлөө өглөг
өгөх нь ч бас нөгөө ганданд ном уншуулдагтай ижил санагддаг. Би нэг ч удаа
хандив өргөж үзээгүй ч бурхан миний үгийг сонсдог гэдэгт би итгэдэг. Христийн
сүмүүдийн номлогч, итгэгч нартай уулзахад ихэнх нь өөр бусад сүмүүдийг буруу
урсгалынх хэмээн тайлбарлах нь надад шашин шүтэх эргэлзээг минь төрүүлдэг.
Би ямар ч шашинтай
байсан зөв л байхыг хүсч байна. Би Буддын сургаалыг дагаж, Ариун Библийн зүйл
бүрийг ойлгохыг хичээж байна. Заримдаа архи уух лам нар, бие биенийхээ урсгалыг
муулах итгэгч нараас айж байна. Хэн нэгний итгэл үнэмшлийг муулах гэсэнгүй гэх
эхлэл үгээ энд дахин дурдъя. Би ямар ч шашинтай байсан, ямар ч хүн байсан
өөрийн замыг зурж буй эсвэл бурхны төлөвлөсөн төлөвлөгөөгөөр явж буй учраас хэн
нэгэн миний үзэлд бүү саад болоосой гэж хүсэх юм. Ганданд ном уншуулсан 10,000
төгрөг, Сүмд залбирахдаа өгөх 10,000 төгрөг хэн нэгний өдрийн хоолны мөнгө
гэдэгт итгэдэг. Үүнд И баримт ч өгдөггүй. Зарим хүмүүсийн хувьд буян гэж хэлэх
ч энэ мөнгө хаана хэнд хүрдэг бол гэдэг нь гайхууштай.
Би шашны талаар бичихээс
айдаг. Энэ миний шашны талаар бичсэн анхны бөгөөд сүүлийн нийтлэл байх
болтугай.
Нийтлэлч: А.
Алтанбаяр
МУИС-ийн МНТ асуудаг түүхийн багш Д.Энхжаргал багш нэг лекцэн дээрээ "Уул байлаа гэж үзье...Тэр уулын оройд хүмүүсийн хамгийн дээд хувилбар байгаа. Бүх шашин нь тэр уулын оройд гарах, ѳѳрсдийн хамгийн дээд хувилбарт хүрэх зам/жим юм...Бүгд ѳѳр ѳѳрсдийн сонгосон замаар явж байгаа атал нѳгѳѳ зам/жимүүдээ үгүйсгэдэг нь харамсалтай" гэж хэлж байсан нь ер мартагддаггүй..Үнэнд их ойр санагддаг даа.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete